СЕХ: АН-ын хоёр нэр дэвшигчийн баримт бичгийг нягталж нэгийг нь бүртгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-05-05 21:25:51
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ, Н.Алтанхуяг нарын бүртгэлтэй холбоотой баримт бичгийг нягталж зөвхөн нэг нэр дэвшигчийн материалыг хүлээн авахаар боллоо.


Тодруулбал, СЕХ бүрэн бүрэлдэхүүнээрээ шуурхай хуралдаж “үйл ажиллагаандаа хууль дээдлэх, улс төрийн хувьд төвийг сахих, асуудлыг хамтран хэлэлцэж шийдвэрлэх, ил тод, шударга байх” гэсэн хуулийн зарчмыг баримтлан дээрх шийдвэрийг гаргажээ. Ингэхдээ, СЕХ-ны даргын 2021 оны А/27 тоот захирамжаар байгуулсан “Нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах” үүрэг бүхий Ажлын багт АН-ын хоёр нэр дэвшигчийн бүртгэлтэй холбоотой баримт бичгийг нягтлан шалгахыг үүрэг болгов. 


Ташрамд дурдахад, АН-аас С.Эрдэнэ, Н.Алтанхуяг нарыг Ерөнхийлөгчийн сонгуульд тус тус нэр дэвшүүлсэн тул Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсгийг үндэслэн тэдний бүртгэлтэй холбоотой баримт бичгийг СЕХ хүлээж авахаа түр хойшлуулаад байв. Монгол Улсын Үндсэн хуулийн гучин нэгдүгээр зүйлийн 2-т “Улсын Их Хуралд суудал бүхий нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэр дэвшүүлнэ” гэж заасан. Иймд, СЕХ-ноос АН-ыг Үндсэн хуулиа дээдлэн иргэний сонгох, сонгогдох эрхийг хүндэтгэж Ерөнхийлөгчид зөвхөн нэг хүний нэр дэвшүүлж баримт бичгийг нь хуульд заасан хугацаанд  ирүүлэхийг мэдэгдээд байсан юм.

Холбоотой мэдээ