Их Британи Ла-Маншийн хоолой руу хөлөг онгоцуудаа илгээнэ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2021-05-06 17:03:54

ЛОНДОН. /RIA Novosti/. Их Британийн эрх баригчид Францын сүрдүүлэгтэй холбоотойгоор Ла-Маншийн хоолой дахь Жерси арал руу эргүүлийн хоёр хөлөг онгоцоо илгээхээр шийджээ.


Их Британийн Засгийн газрын албан ёсны төлөөлөгчийн мэдээлснээр, “Brexit”-ийн дараа загасчлах нөхцөлийг өөрчилснийг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн Ла-Маншийн хоолой дахь Жерси арлын цахилгаан хангамжийг тасална гэж Францын эрх баригчид сүрдүүлсний дараа ийм шийдвэр гаргасан байна. 


Дээрх асуудлыг Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон лхагва гаргийн орой арлын эрх баригчидтай утсаар ярилцжээ.


Борис Жонсон хурцадмал байдлыг намжааж, Жерси, Францын эрх баригчдын хооронд загас агнуурын бүсийн асуудлаарх яриа хэлэлцээг үргэлжлүүлэх шаардлагатай байгааг мэдэгдсэн байна. “Ерөнхий сайд Жерсигийн эрх баригчдыг үргэлжлүүлэн дэмжинэ гэдгээ илэрхийлж, аливаа байдлаар хааж боох нь туйлын зүй бус болохыг цохон тэмдэглэлээ. Сэрэмжлүүлэх арга хэмжээ болгон Их Британи бүс нутаг руу эргүүлийн хоёр хөлөг онгоц илгээнэ” гэж тус улсын Засгийн газрын төлөөлөгч хэлсэн байна.


Жерси арлын эрэг орчимд францчуудын загасчлах бүсийг хязгаарласан нь “Brexit”-ийн гэрээг зөрчиж байгаа тул Жерси арлын цахилгаан хангамжийг тасална гэж Францын Далайн хэрэг эрхэлсэн сайд Анник Жирарден өмнө нь мэдэгджээ.


Холбоотой мэдээ