Төмрийн хүдрийн эрэлт нэмэгджээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-05-06 16:56:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УУХҮЯ-ны мэдээллээр манай улс энэ сарын 2-ны байдлаар оны эхнээс 2.582.2 мянган тонн  төмрийн хүдэр, баяжмалыг экспортод гаргаад байна.


Үүнийг өнгөрсөн оны мөн үед 2.782.4 мянган тонныг гаргаж байсантай харьцуулахад 200.2 мянган тонн буюу 7.2 хувиар багассан үзүүлэлттэй байна. Гэхдээ олон улсад төмөрлөгийн болон гангын үйлдвэрлэл идэвхжиж Азийн орнуудад төмрийн хүдрийн эрэлт өсөөд байгаа таатай мэдээ дуулдаж буйг мэргэжилтнүүд хэлж, энэ нь төмрийн хүдэр болон баяжмалын үнэ болон экспортод эергээр нөлөөлнө гэж үзэж байна. 


Олон улсын хэмжээнд өнгөрсөн сард Бразил улс зах зээлд 25.8 сая тонн төмрийн хүдэр нийлүүлжээ. Мөн Австрали улс өнгөрсөн 7 хоногт 18.5 сая тонн төмрийн хүдэр нийлүүлсэн нь өмнөх 7 хоногийн дүнгээс 3.3 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Нийлүүлэлт нэмэгдэж буй ч эрэлт өндөр хэвээр байгаа тул үнэ нь өсөх төлөвтэй гэж шинжээчид тооцоолж байна. Сингапурын биржид төмрийн хүдрийн фьючерс үнэ 0.35 хувиар өсөж, тонн нь 186.4 ам.доллар болжээ.




Холбоотой мэдээ