Монголын 8 боксчин медалийн болзол хангаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-05-07 09:18:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чех улсын Усти-над-Лабем хотод эрэгтэй, эмэгтэй боксчдын уламжлалт "Гран при" олон улсын 51 дэх удаагийн тэмцээнд оролцож байгаа Монголын 8 боксчин медалийн болзол хангаад, цааш медалийн өнгөө хувиргах тулалдаан хийхээр болжээ.


Тухайлбал, эрэгтэй тамирчдаас 52 кг-ын жинд Хархүүгийн Энхмандах энэ сарын 6-ны үдэш медалийн төлөө Италийн Мануель Фабрицио Каппайтай тулан ялж,  хагас шигшээд Германы Гоман Кристофертэй өнөөдөр тулалдана.


Азийн аваргын хүрэл медальт Хархүүгийн Энх-Амар 56 кг-д медалийн төлөө Унгарын Габор Вирбантай тоглон 2-р үед хүнд цохилтоор 3 тоолуулж, төгсгөлийн раундад мөн 2 тоолуулж өрсөлдөгчийн дасгалжуулагч татгалзсанаар ялалт байгуулан, хагас шигшээд Швейцарын Ангело Пенатай тоглохоор болов.


Дэлхийн аваргын хүрэл медальт, Азийн наадам, Ази тивийн аварга Эрдэнэбатын Цэндбаатар өнөөдөр 63 кг-д хагас финалд Унгарын Ричард Ковачтай хүч үзнэ.


Армийн дэлхийн аварга Баатарсүхийн Чинзориг 63 кг-д медалийн төлөө Германы Давид Гвеоркиантай тоглон ялснаар хагас шигшээд Риогийн олимпын наадмын мөнгө, 2017 оны Хамбургийн дэлхийн аварга францын Оумиха Софианетэй өнөөдөр тулалдахаар болов. 


Мөн ОУХМ Баттөмөрийн Мишээлт 69 кг-д медалийн төлөө Словакийн Мариан Мисалког ялж, хагас шигшээд Иорданы Обада Мохаммад Мустафа Алкасбехтэй хүч үзэх бол ОУХМ Отгонбаатарын Бямба-Эрдэнэ 75 кг-д эхний даваанд Финландын Абдилрасоон Мухаммадыг, медалийн төлөө Чехийн Бартл Милоштой тулан тус тус ялснаар хагас шигшээд Словак, Испанийн тамирчдын хэн ялсантай нь тулалдах юм.


Эмэгтэй тамирчдын хувьд ОУХМ Лутсайханы Алтанцэцэг 51 кг-д медалийн төлөө Польшийн Виктория Рогалинскаг ялж, хагас шигшээд Швед, Украины тамирчдын хэн ялсантай хүчээ сорино.


Харин Оюунцэцэгийн Есүгэн 57 кг-д эхний тулаанд Швейцарийн Сандра Бруггерийг ялж, медалийн төлөө Шведийн Тоур Степаниег мөн ялснаар хагас шигшээд Чехийн Каваждова Катеринатай тулалдахаар болов. 


Мөн ОУХМ Монхорын Намуун 60 кг-д Польшийн Анета Региелскад ялагдаж тэмцээнээ дуусгажээ. Монгол улсын шигшээ багийн дасгалжуулагчаар Ж.Энхтөр, А.Гантулга, Б.Пүрэв-Очир нар ажиллаж байна.   

Холбоотой мэдээ