Залуус 1, 2, 3 цогцолбор хорооллыг төвлөрсөн гурван цэгт барина
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас хэрэгжүүлэх "Залуус 1, 2, 3" орон сууцны цогцолбор хорооллыг төвлөрсөн гурван цэгт барих байршил тодорсон тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр мэдээлэв.
Тодруулбал, "Залуус 1, 2" хорооллыг Улаанбаатарт Хөшигийн хөндий болон Яармаг орчимд барих бол "Залуус 3" хорооллыг орон нутагт туршилтаар барихаар төлөвлөжээ.
Дэд бүтэц шууд татах боломжтой нөөц газрыг түшиглэн орон сууц барих газрыг төрөөс үнэгүй өгснөөр, хямд өртөгтэй, чанартай барилга барих бололцоотойг Ерөнхий сайд өмнө нь барилгын салбарынхантай уулзах үеэр онцолж байв. Барилгын салбарыг дэмжих хүрээнд, дээрх хорооллыг ипотекийн зээл болон бусад хөтөлбөрт хамруулна гэдгийг тэрээр тэмдэглэсэн юм.
Ташрамд дурдахад, Засгийн газрын энэ оны хоёрдугаар сарын 3-ны хуралдаанаар, орон сууцны "Залуус 1, 2, 3" цогцолбор хорооллыг үе шаттай барих зорилготой Ажлын баг байгуулсан юм. Тус ажлын баг хөрөнгө оруулалт, хот байгуулалт, дэд бүтэц, газар, барилга угсрах ажлыг шуурхай зохион байгуулах зөв, оновчтой механизмыг тодорхойлж, шийдвэрлүүлэх үүрэгтэй юм.