Хөдөлмөрийн цахим яармаг үргэлжилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Халамжаас хөдөлмөрт” зорилтын хүрээнд “Цар тахлын эсрэг хамтдаа-Хөдөлмөрийн цахим яармаг-2021”-ийг энэ сарын 8-24-нд зохион байгуулж байна.
ХНХЯ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, МҮХАҮТ, НҮБ-ын дэргэдэх Шилжилт хөдөлгөөний байгууллага, МАОЭНХ, “Эйч Ар Клуб” ТББ хамтран энэхүү цахим яармагийг www.expomongolia.org платформоор дамжуулан виртуал талбарт зохион байгуулж байгаа юм.
Ажил хайгч иргэн, оюутан, залуус, гадаадад их дээд сургууль төгссөн болон ажиллаж, амьдарч байгаад эх орондоо ирсэн иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, цахим хурал, 150 гаруй ажил олгогч байгууллагын 2000 гаруй ажлын байрны мэдээ, мэдээллийг нэг дороос авна. Мөн цахим платформоор дамжуулан ажил хайгч иргэн, ажил олгогч цахимаар цаг товлон, ажлын шууд ярилцлагыг зохион байгуулах боломжтой.
Хөдөлмөрийн цахим яармаг нь хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн
байдал, ирээдүйн чиг хандлага, цар тахлын сөрөг нөлөөллийг хэрхэн хохирол
багатай даван туулах агуулгын хүрээнд өдөр бүр тусгай хөтөлбөрийн дагуу цахим
хурал хийж байгаа.
Одоогоор www.expomongolia.org/careerexpo платформыг 3380, цахим хурлыг 650 гаруй, шууд дамжуулалтыг “Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар” фэйсбүүк хуудсаар 4700 хүн үзжээ.