Далавч нь гэмтэж гэрт өвөлжсөн хотон шувууг нууранд тавив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-05-11 18:06:47

Ховд /МОНЦАМЭ/. “Дэлхийн нүүдлийн шувууны өдөр”-ийг тохиолдуулан далавч нь гэмтэж, гэрт өвөлжиж байсан хотон шувууг нууранд тавьжээ. 

Ховд аймгийн нутаг дэвсгэрт, тэр дундаа Хар-Ус нууранд 260 гаруй зүйлийн шувуу үүрэлж, өндөглөдөг. Үүний нэг бол борцгор хотон шувуу юм. Сүүлийн хоёр жил дараалан Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газарт борцгор хотон шувуу сумны шархтай, гэмтсэн байдалтай олдсон. Ийнхүү дахин нисэж чадахааргүй болсон хотонг биологич Ц.Ганболд монгол гэрт тэжээж, асарч байв. 

Гэмтсэн байдалтай олдсон хоёр дахь хотон шувууг Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газрын захиргаа, Дэлхийн байгаль хамгаалах сангийн холбогдох мэргэжилтэн, байгаль хамгаалагчдаас бүрдсэн найман хүний бүрэлдэхүүнтэй ажлыг баг энэ сарын 7-ны өдөр нууранд нь буцаан тавьжээ. Энэхүү хотон шувууны баруун далавчны нэг, хоёрдугаар үе нь хугарч улмаар яс нь бороолж эдгэсэн байна.

Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газрын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагч нар тус шувууг өнгөрсөн арван нэгдүгээр сарын 9-ний өдөр олж, аймгийн төвд авч ирсэн. Улмаар зориулалтын байр байхгүй учраас нэг сар гаруй хугацаанд монгол гэрт  ийнхүү тэжээж байжээ.   

Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газрын захиргааны хамт олон тус шувуунд “Азбаяр” хэмээх нэр өгсөн ажээ.  

Холбоотой мэдээ