Казанийн дунд сургуульд юу болсон бэ?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-05-12 09:25:03

КАЗАНЬ. /TASS/. ОХУ-ын Бүгд Найрамдах Татарстан Улсын нийслэл Казань хотын Жаудата Файзи гудамжинд байдаг 175 дугаар дунд сургуульд 19 настай залуу гал нээсний улмаас 9 хүн амиа алдсан харамсалтай хэрэг мягмар гарагт гарчээ.


Юу тохиолдсон бэ?

  • Казанийн дунд сургуульд 09:20 цагт гал нээж эхэлсэн бөгөөд 09:25 цагт түгшүүрийн дохио иржээ. ОХУ-ын Боловсролын яамны эх сурвалжийн мэдээлснээр, тус сургуульд 714 хүүхэд, 70 ажилтан, 52 багш байсан аж.
  • Хорин минутын дараа сургуулиас хүмүүсийг нүүлгэн шилжүүлжээ.
  • Эхлээд хоёр хүн гал нээж, хоёр дахь этгээдийг устгасан гэж мэдээлж байсан ч хожим нь энэ хэргийг ганц хүн үйлдсэн тухай мэдээлсэн байна.
  • Гэрчийн мэдэгдсэнээр, дэлбэрэлт болсны дараа гал нээж эхэлсэн байна. Хэд хэдэн хүүхэд гурван давхрын цонхноос үсэрчээ.
  • Татарстаны Ерөнхийлөгч Рустам Миннихановын мэдэгдсэнээр, дунд сургуульд гал нээсэн хэргийн улмаас 9 хүн амиа алдсаны дотор 7 хүүхэд, 1 багш, 1 эмэгтэй байсан аж. Нийт 21 хүн эмнэлэгт хүргэгдсэний дотор 18 хүүхэд, 3 хүн байжээ.
  • Боловсролын яамны мэдээлснээр, 8 хүний биеийн байдал тун хүнд байгаа аж.

Халдлага үйлдсэн этгээдийн тухайд

  • Гэмт этгээдийг баривчлан саатуулжээ. Хууль сахиулах байгууллагуудын мэдээлснээр, гэмт этгээд 19 настай бөгөөд түүнийг Ильназ Галявиев гэдэг аж. Тэрбээр тус дунд сургуулийг дөрвөн жилийн өмнө төгсжээ.
  • Гэмт этгээд сургуулийн гол хаалгаар зэвсэгтэй өнгөрч, шууд гал нээж эхэлсэн байна.
  • Гэмт этгээдийн зэвсгийг сургуулиас олжээ.
  • Ильназ Галявиевын хэрэг үйлдэх болсон шалтгааныг тодорхойлохын тулд түүнийг сэтгэл зүйн болон сэтгэл мэдрэлийн цогц үзлэгт хамруулах аж. 

Эрх баригчдын хариу үйлдэл

  • ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин амиа алдсан хүмүүсийн төрөл садныханд эмгэнэл илэрхийлжээ. Тэрбээр зэвсгийн эргэлтийн дүрэм журмыг даруй чангатгахыг үүрэг болгосон байна.
  • ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин амиа алдсан хүмүүсийн ойр дотныхонд эмгэнэл илэрхийлж, болсон явдлыг хүнлэг бус, харгис явдал гэжээ.
  • Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко, Боловсролын сайд Сергей Кравцов нар Казань хотыг зорьжээ.
  • Татарстаны эрх баригчид тавдугаар сарын 12-ныг гашуудлын өдөр болгон зарлалаа.
  • Амиа алдагсад, шархадсан хүмүүсийн гэр бүл, дунд сургуульд тусламж үзүүлэхийг бүс нутгийн тэргүүн үүрэг болгожээ.

  • Аюулгүй байдлын арга хэмжээнүүдийг ОХУ-ын янз бүрийн бүс нутгийн сургалтын байгууллагуудад чангатгаж байгаа аж.
Холбоотой мэдээ