Бизнес эрхлэгчдэд эдийн засгийн өршөөл үзүүлэхийг санал болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-05-12 15:20:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын бизнесийн орчинг эдийн засаг, засаглал, хууль эрх зүй, дэд бүтэц технологи, нийгэм соёл, байгууллагын дотоод орчин гэсэн ерөнхий 5 үзүүлэлт, дэд 12 үзүүлэлтээр авч үзэхэд ерөнхий үнэлгээ нь 2.91 буюу дунд гарсан. Энэ бол "Бизнесийн итгэлийн индекс-2020" судалгаагаар гарсан дүн гэдгийг бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин өнөөдөр мэдээллээ. 


Тэгвэл бизнесийн орчинг сайжруулахад юун түрүүнд юу хийж, ямар үйл ажиллагааг хэрэгжүүлбэл зохих вэ гэсэн асуултад Худалдаа, аж үйлдвэрийн Танхимын тэргүүн мөн судалгааны дүнг танилцууллаа. 

Монголын бизнесийн орчны судалгаагаар оролцогчдын 79.7 хувь нь бизнесийн зээлийг хүүг бууруулах, зээлийн нөхцөлийг сайжруулах хэрэгтэй байна гэж хариулжээ. Тэгвэл яг энэ нөхцөлд тааруулсан жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай 2 их наяд төгрөг хүртэлх зээлийн эдийн засгийг сэргээж ажлын байрыг дэмжих 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийг Засгийн газраас хэрэгжүүлж буй.

Уг хөтөлбөрийн хүрээнд олгож буй зээлд 5.542.7 тэрбум төгрөгийн 48.9 мянган зээлийн хүсэлт ирснээс 648.7 тэрбум төгрөгийг 9400 зээлдэгчид олгож, 366.7 тэрбум төгрөгийн 2850 хүсэлтэд татгалзжээ. Яагаад татгалзсан, ямар шалтгаанаар авч чадаагүй гэсэн асуултад МҮХАҮТ-ын тэргүүн хариулахдаа, 

  • зээл хүсэгч бизнес эрхлэгчдийн 51 хувь нь зээлийн нөхцөл хатуу байна, 
  • 32 хувь нь банкны барьцаа хөрөнгийн шаардлага хангаагүй гэдгээ, 
  • 8 хувь нь бизнесийн эрсдэл өндөр байна гэж, 
  • 5 хувь нь зээлийн мэдээллийн санд сөрөг бүртгэлтэй байгаа гэсэн бизнес эрхлэгчдээс авсан асуумжийн дүнг танилцуулсан юм. 




Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, бизнесийн нөхцөлийн талаар тэрээр цааш нь дурдахдаа, "Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямрал 1990 оны системийн уналтаас хойших хамгийн том хямрал болон үргэлжилж, энд 548 мянган ажлын байр өртөж, манай улсын ДНБ өнгөрсөн оны үзүүлэлтээр 5.3 хувиар агшаад байна. ДНБ-ий 43 хувийг бүрдүүлдэг аялал жуулчлал, үйлчилгээ зэрэг эдийн засгийн нөлөө бүхий салбарууд хямралд илүү ихээр нэрвэгдэж, хямралд өртсөн бизнесийн 80 гаруй хувийг 1-9 хүртэлх ажилтантай ЖДҮ эрхлэгч нар эзэлж байгаа"-г онцолж байв. 


Албаны тооцооллоор, Монгол Улсын ажилгүйдлийн түвшин 2020 онд 4.3 хувь болж буурсан боловч ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 2020 онд 94.4 тэрбум төгрөг болж өмнөх оноос ойролцоогоор 2 дахин их өсжээ. Энэ нь ажилгүйдлийн тэтгэмж хүртсэн хүмүүсийн тоо нэмэгдсэнийг харуулж байна.




МҮХАҮТ-аас өнөөдөр зөвхөн бизнес, эдийн засгийн цар тахлын үеийн нөхцөл байдлыг танилцуулаад зогссонгүй. Цаашид яах талаар дэвшүүлж буй саналаа танилцууллаа. Үүнд:

  • цар тахлын улмаас хүнд байдалд орсон ААН-үүд, бизнес эрхлэгч иргэдэд эдийн засгийн өршөөлийг нэг удаа үзүүлэх, 
  • НӨАТ-ын хувь хэмжээг бууруулах, 
  • Зөвшөөрлийн тухай хууийг батлан гаргаж зөвшөөрлийн тоог цөөлөх, зөвшөөрөл олгох үйл явцыг хялбаршуулж ил тод болгох,
  • Эдийн засгийг эрчимжүүлэх тусгай нэгж байгуулах, 
  • төрийн өмчит болон оролцоотой ААН-үүдийн засаглал, удирдлагын тогтолцоог эрс шинэчлэх, хувьчлах гэсэн саналыг тавилаа.

Ингэснээр үүссэн нөхцөл байдлыг өөрчилж, эдийн засаг эрчимтэй хөгжихөд үр дүн гарна гэж үзэж буйгаа илэрхийлэв. 

Эдийн засгийн өршөөлийг нэг удаа үзүүлэх ажлын хүрээнд юу хийхээр байна хэмээн тодруулахад, НДШ болон татвар, Зөрчлийн хуулиар тавьсан  өр төлбөр, алданги торгуулиас чөлөөлж хөнгөлөх, Монголбанкны мэдээллийн санд сүүлийн 5 жилд ангилал буурсан буюу хэвийн бус эргэлзээтэй муу зээлдэгч ААН, иргэдийн ангиллыг сайжруулах хэрэгтэй байна гэж хариуллаа. 



Монголбанкны мэдээллийн санд сүүлийн 5 жилд ангилал буурсан буюу хэвийн бус эргэлзээтэй муу зээлдэгч 8 мянган ААН, 300 мянган иргэн байгаа аж. Мөн зөрчлийн тухайд өнгөрсөн оны байдлаар 2.2 сая зөрчил гарч, үүнд ногдох торгуулийн хэмжээ 66 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ оны эхний 4 сарын байдлаар 449.1 мянган зөрчил бүртгэгдэж 16.7 тэрбум төгрөгөөр торгуулжээ. 



МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин өнөөдрийн мэдээллийн үеэр манай улсад Эдийн засгийн болон худалдааны яам байгуулах хэрэгтэй гэсэн саналыг хөндөв. Ингэснээр эдийн засгийн салбаруудыг цогц, хоршсон кластер хэлбэрээр зохион байгуулж хөгжүүлэх боломжтой аж. Тэрээр энэ онд дэлхийн эдийн засагт "Их сэргэлт" хийх уриалгыг Дэлхийн Эдийн засгийн форумаас гаргаж эхэлж буйг дурдаад, манай улсад ч ковидын дараах эдийн засгийн их сэргэлтийг хийж эдийн засагт санхүүгийн тохируулга хэрэгтэй байна гэсэн санаачилгыг дэвшүүлж буйгаа уламжиллаа. 






Холбоотой мэдээ