АНУ “Xiaomi” компанийг хар жагсаалтаасаа гаргахаар тохиролцжээ

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2021-05-13 10:47:54

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Засгийн газар БНХАУ-ын ухаалаг гар утас үйлдвэрлэгч “Xiaomi” компанийг хар жагсаалтаасаа гаргаж, Ерөнхийлөгч асан Дональд Трампын үед тогтоосон америкчуудыг тус компанид хөрөнгө оруулахыг хориглосон арга хэмжээг цуцлахаар тохиролцжээ.


"АНУ-ын Батлан хамгаалахын яам, “Xiaomi” компани хориг арга хэмжээг хүчингүй болгох тохиролцоонд хүрсэн” гэж АНУ-ын шүүх лхагва гарагт мэдээлжээ. "CNN" телевиз энэ талаар "Xiaomi" компаниас тодруулга хүсэхэд хариулт өгөөгүй боловч шүүхийн баримт бичгийн хуулбарыг хариу илгээсэн байна. 


Ерөнхийлөгч Жо Байденыг нэгдүгээр сард үүрэгт ажилдаа орохоос хэдхэн хоногийн өмнө Батлан хамгаалахын яам “Xiaomi”-г Хятадын цэргийнхэнтэй холбоотой компаниудын жагсаалтад оруулсан юм. Энэхүү жагсаалтад орсон аж ахуй нэгжүүдэд хөрөнгө оруулахыг хориглох гэх мэт хатуу хязгаарлалт тогтоодог билээ.


Хориг арга хэмжээг хэрэгжиж эхлэхээс өмнө холбооны шүүгч “Xiaomi” компани Хятадын цэргийнхний эзэмшилд юм уу хяналтад байдаг гэх “баттай нотолгоо” дутагдалтай байгааг тул уг шийдвэрийг түр хойшлуулж байсан юм.


Мягмар гаргийн тохиролцоо нь АНУ-БНХАУ-ын хаpилцааны улам бүр өсөн нэмэгдэх болсон хурцадмал байдлыг намжаах ховор үйл явдал болж байна.


Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин энэ талаар хэлэхдээ, миний бие тохиролцооны талаар мэдээлэл аваагүй байна хэмээн хэлсэн ч АНУ өмнөх засаг захиргааныхаа гаргасан алдаа дутагдлыг залруулж, Хятадын компаниудад шударга, үл ялгаварласан бизнесийн орчныг бүрдүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.


Лхагва гарагт “Xiaomi” компанийн хувьцааны ханш Хонконгт 6 гаруй хувиар өсжээ. АНУ-ын шүүхийн мэдээлснээр, талууд тохиролцооныхоо нарийн асуудлуудыг үргэлжлүүлэн хэлэлцэж байгаа бөгөөд тавдугаар сарын 20-нд хамтарсан саналаа эцэслэн гаргах төлөвтэй байна. 

Холбоотой мэдээ