Цар тахлын өнөөгийн үр дагавраас сэргийлэх боломжтой байсан гэж үзжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2021-05-13 12:41:38

ВАШИНГТОН. /BBC/. COVID-19” цар тахлын өнөөгийн үр дагавраас сэргийлэх боломжтой байсан гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ хөндлөнгийн дүгнэлт хийх ажлын хэсэг мэдээллээ. 


ДЭМБ-ын байгуулсан тус ажлын хэсэг нь "ДЭМБ, олон улсын Засгийн газруудыг халдварын эсрэг тун муу хариу арга хэмжээ авч хэрэгжүүлсэн" хэмээн дүгнэжээ.


Тодруулбал, ДЭМБ дэлхийн хэмжээнд онцгой байдлыг арай эрт зарлах хэрэгтэй байсан гэж үзсэнээс гадна цаашид энэ чиглэлд дорвитой өөрчлөлтийг яаралтай хийхгүй бол дэлхий дахин өөр халдварт өвчин тархахад маш эмзэг байгааг цохон тэмдэглэсэн байна.


Өнөөдрийн байдлаар дэлхий даяар “COVID-19” халдварын улмаас 3.3 сая гаруй хүн нас бараад байгаа юм. Хэдийгээр АНУ, Европын орнуудад хязгаарлалтын арга хэмжээнүүдийг сулруулж, цар тахлын өмнөх хэвийн амьдралдаа эргэн орох үйл явцыг эхлүүлж байгаа боловч Азийн орнуудад халдвар хурдацтай тархсан хэвээр байна.


Тухайлбал, Энэтхэгт халдвар авсан, нас барсан тохиолдлын тоо урьд өмнө нь бүртгэгдэж байгаагүй олноор нэмэгдэж, орон даяарх эмнэлгүүдэд хүчилтөрөгчийн хомсдол нүүрлэх болжээ. Мөн Энэтхэгтэй хөрш залгаа оршдог Балба тэргүүтэй улсуудад ч халдварын тархалт нэмэгдэх болоод байна.


Хөндлөнгийн тайланд юу гэж бичив?


COVID-19”-ийг сүүлчийн цар тахал болгоё” нэртэй тайланг Цар тахалд бэлтгэх, хариу арга хэмжээ авах хөндлөнгийн ажлын хэсэг боловсруулжээ. Коронавирус хэрхэн 157 сая гаруй хүнд халдварлаж, 3.3 сая гаруй хүний амь насыг авч одсон бэ? хэмээх асуултад хариулахад энэхүү баримт бичгийн зорилго оршжээ.


“Өнөө цагт үүсээд буй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх боломжтой байсныг бид тогтоосон. Бэлэн байдал, хариу арга хэмжээнд гарсан тоо томшгүй алдаа дутагдал, саатал хоцролтын улмаас ийм байдалд хүрсэн” гэж судалгааны багийн ахлагчдын нэг, Либерийн Ерөнхийлөгч асан Эллен Жонсон сэтгүүлчдэд мэдээлсэн байна.


ДЭМБ-ын Онцгой байдлын хороо Хятадад дэгдсэн халдварын тархалттай холбогдуулан олон улсын хэмжээнд онцгой байдал зарлахдаа нэг долоо хоногийн өмнө шийдвэр гаргах хэрэгтэй байсан гэж судлаачид үзжээ. Тус хороо өнгөрсөн оны нэгдүгээр сарын 22-нд анхны уулзалтаа хийх боломжтой байхад 30-ны өдөр хүртэл хойшлуулсан байна.


Мөн тэдний үзэж буйгаар, ДЭМБ онцгой байдал зарласнаас хойших нэг сарын хугацаанд улс орнууд халдварын тархалтыг хяналтад авах зохистой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх боломжоо ашиглаж чадаагүй байна.   


Үүнээс гадна олон улсын зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг хамгийн сүүлд хэрэгжүүлэх ёстой гэх ДЭМБ-ын зохицуулалт нь нөхцөл байдлыг улам дордуулахад нөлөөлжээ. Тодруулбал, Европ, АНУ хоёрдугаар сарыг хий дэмий өнгөрүүлж, эмнэлгүүдийнх нь ор дүүрэх үед л ийм шийдвэр гаргажээ.


Түүнчлэн улс орнууд маш олон тооны өвчтөнийг хүлээх авах бэлтгэлээ базаах ёстой байсан атал хамгаалах хэрэгсэл, эм тарианы төлөөх өрсөлдөөн бий болоход “ялагч бүхнийг хүртдэг” зарчим давамгайлах болсон хэмээн судлаачид тайландаа бичсэн байна.


Ийнхүү цаашид аливаа цар тахлын аюултай үр дагавраас сэргийлэхийн тулд дараах алхмуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй хэмээн тодорхойлжээ.

  • Улс орнуудад хариуцлага тооцох эрх мэдэл бүхий дэлхий нийтэд учрах аюул заналын асуудал хариуцсан шинэ зөвлөлийг бий болгох хэрэгтэй
  • Холбогдох орнуудын зөвшөөрөлгүйгээр мэдээллийг хэвлэн нийтэлдэг өвчний тандалтын системтэй байх хэрэгтэй
  • Вакциныг нийтийн хэрэглээний ангилалд багтаасан байх хэрэгтэйгээс гадна цар тахлын санхүүжилтийн байгууламжтай байх хэрэгтэй
  • Долоогийн бүлгийн чинээлэг орнуудыг ДЭМБ-ын “COVAX” хөтөлбөрт бага орлоготой орнуудад вакцины дэмжлэг үзүүлэхэд 1.9 тэрбум ам.долларын санхүүжилт олгохыг нэн даруй хүсэх хэрэгтэй гэж үзжээ.

Мөн хөндлөнгийн ажлын хэсгийн өөр ахлагч болох Шинэ Зеландын Ерөнхий сайд асан Хелен Кларкийн хувьд, ДЭМБ-д илүү их эрх мэдэл олгох хэрэгтэй байгааг онцлон тэмдэглэсэн байна.


“Хэрэв зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг илүү түргэн хийгээд илүү өргөн хүрээг хамруулан тогтоосон бол халдварт өвчний тархалтыг хумихад ихээхэн үр дүн үзүүлэх байсан” гэж тэрбээр нэмж хэлжээ. 

Холбоотой мэдээ