Хувьцааны мөнгө иргэдийн дансанд орж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-06-21 09:21:17

Засгийн газраас санаачилсан “Сайн хувьцаа” хөтөлбөрийн хүрээнд хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан иргэдийн эхний ээлжийн 100 мянган төгрөг өчигдрөөс эхэлж хувийн дансанд нь шилжиж эхэлжээ.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцаанаасаа 322-ийг Засгийн газарт худалдах хүсэлтэй иргэдийн өргөдлийг арилжааны банкууд энэ сарын 13-наас хүлээн авч эхэлсэн. Тиймээс долоо хоногийн дараа буюу өчигдөр эхний ээлжийн мөнгө шилжиж байгаа аж. Харин өнгөрөгч мягмар гарагт хүсэлтээ өгсөн иргэдийн мөнгө өнөөдөр орох гэх мэтээр дараа долоо хоногийн тэр өдрөө шилжиж байх юм байна. 

Түүнчлэн дараагийн ээлжийн 100 мянган төгрөгийг ирэх долоо хоногийн мөн өдрүүдэд үргэлжүүлэн шилжүүлэх бөгөөд гуравдахь ээлжийн 100 мянган төгрөгийг Улсын их баяр наадмын өмнө өгч дуусах юм байна. Харин хувьцаагаа худалдах хүсэлтээ гаргаагүй  иргэд өнөөдөр ч хүсэлтээ гаргаж өгөхөд оройтохгүй бөгөөд амралтын өдрүүдэд арилжааны банкууд хагас цагаар ажиллаж байгаа аж.

Н.Туяа

 

Холбоотой мэдээ