Өндөржүүлсэн байдлын зэрэг 6 дугаар сарын 2 хүртэл үргэлжилнэ

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2021-05-16 17:16:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөө үйлчилж буй бүх нийтийн бэлэн байдлын өндөржүүлсэн байдлын зэрэг 6 дугаар сарын 2 хүртэл үргэлжилнэ гэдгийг УОК-ын шуурхай штабаас мэдээллээ.

Худалдааны томоохон төв захууд, цайны газруудын үйл ажиллагаа хэзээ нээгдэх гэсэн асуултад УОК-ын шуурхай штабаас дээрх үйлчилгээний газруудыг нээхийг энэ сарын 22 хүртэл түр хойшлуулаад байна. Гэхдээ "COVID-19" халдварын нөхцөл байдал, дэгдэлтээс хамаарч энэ талаар тухайн үед нь мэдээлнэ гэлээ. 



Мөн энэ сарын 22-ноос иргэд аймаг, орон нутагт чөлөөтэй зорчих эсэх талаарх асуултад, вакцины 2 тунд бүрэн хамрагдаж, 14-өөс дээш хоносон, буяны ажлаар яваа болон эрүүл мэндийн хүндэтгэх шалтгаантай иргэдийг PCR шинжилгээ шаардахгүйгээр орон нутаг руу нэвтрүүлж буйг мэдэгдлээ. Ийм иргэдийг орон нутагт очсон хойно тусгаарлахгүй харин хүүхдийг 7 хоног гэрээр тусгаарлана. Энэ шийдвэр бүхий түр зохицуулалтын журам 5 дугаар сарын 22 хүртэл хүчинтэй байгаа, түүнээс цааш дараагийн шийдвэр гарна гэдгийг УОК-ын шуурхай штабын ажилтан, ОБЕГ-ын хурандаа Ч.Мөнхбат мэдэгдлээ.


Орон нутагт очсон хүүхдийг 7 хоног гэрээр тусгаарлана.




Тодруулбал, Бүх нийтийн бэлэн байдлын өндөржүүлсэн байдлын зэрэг 6 дугаар сарын 2 хүртэл үргэлжилнэ. Тиймээс 5 дугаар сарын 22-ноос 6 дугаар сарын 2 хүртэл ямар шийдвэр гаргахыг тухайн үед мэдээлнэ гэж байна. 

Ташрамд мэдээлэхэд өчигдрөөс эхлэн 10 хүнээс ихгүйгээр, хүн хооронд 2 метрийн зайтай үйлчилж байхаар сургалтын төвүүд, мөн кофешоп нийт заалны 50 хувийн багтаамжид, бассейн, фитнесс төвүүд дээрх байдлаар үйлчлэхээр үйл ажиллагаагаа нээгээд байгаа юм.  


Холбоотой мэдээ