Л.Халтар: Галт тэрэгний хөдөлгөөний улмаас зам хаах хугацааг 57 хувиар багасгах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2021-05-19 12:25:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын өмнө тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх боломжийн талаар хэлэлцэж байна. Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулахад “Богдхан” төмөр замын үзүүлэх нөлөөний талаар ЗТХ-ийн сайд Л.Халтар танилцууллаа.


“Богдхан” төмөр зам төслийн хүрээнд Мандал-Мааньт өртөөний 135.8 км төмөр замыг шинээр тавих, хуучин 39 км төмөр замыг сайжруулахаар төлөвлөж байгаа аж.  ЗТХЯ-наас холбогдох яамдтай хамтран төмөр замын трассыг хоёр хувилбараар гаргасан байна. Төслийн хүрээнд 7,5 болон 9,1 метр тунель, нийт 6 км гүүр барих бөгөөд замын хэвгий, тахирын радиусын хувьд бусад төмөр замаас харьцангуй сайн байна гэдгийг ЗТХ-ийн сайд Л.Халтар онцлов.


Тэрбээр, “Улаанбаатар хотоор дамжин өнгөрч буй төмөр зам дөрвөн хэсэгт автозамтай огтлолцдог. Нэгдүгээрт, 391 км буюу Таваншарын уулзвар. Энэ уулзвараар хоногт 61  630 машин, 57 галт тэрэг өнгөрдөг. Галт тэрэг өнгөрөхөд автозамыг 171 минут хааж байна. 405 км буюу Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн  түр гармаар 15 597 машин, 45 галт тэрэг өнгөрч байгаа. Энд галт тэрэг өнгөрөхөд зориулж 135 минут автозам хааж байна. 407 км буюу Дүнжингарав худалдааны төвийн огтлолд 67 780 автомашин, 45 галт тэрэг өнгөрдөг бөгөөд мөн 135 минут хааж байгаа юм. 413 км буюу Амгалангийн гармаар 26 370 машин, 45 галт тэрэг өнгөрдөг бөгөөд 135 минут автозам хааж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хоногийн 24 цагийн 10 хувьд нь зам хааж байна гэсэн үг. “Богдхан” төмөр замыг ашиглалтад оруулбал зорчигч тээврийн галт тэрэг, нүүрс тээврийн галт тэрэг одоо байгаа гол замаар явна. Бусад ачаа тээвэр “Богдхан” төмөр замаар явах юм. Ингэснээр галт тэрэгний хөдөлгөөний улмаас зам хаах хугацааг 57 хувиар багасгах боломжтой болно. Улмаар автозам, төмөр замын огтлолцож буй хэсгийн гүүр, нүхэн гарцаар шийдвэрлэх үед автозам хаах минутыг тэглэх боломжтой” гэлээ.


Улаанбаатар хот дотор газрын тосны бааз, худалдааны төв, тээвэр ложистикийн төв байдаг. Үүнийг “Богдхан” төмөр замын трассын дагуу Хөшигийн хөндий рүү үе шаттай гаргахаар төлөвлөж байгаа аж. Ингэснээр Улаанбаатар хот руу орох галт тэрэгний тоо 15-20 хувь, тээврийн том оврын автомашины хөдөлгөөн мөн хувиар буурах боломжтой гэсэн судалгаа гаргасан байна. “Богдхан” төмөр замын ТЭЗҮ-г боловсруулах бэлтгэл ажлыг хангах, шаардлагатай хөрөнгө оруулалтын тооцоог гаргасан бөгөөд ирэх долоо хоногт Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулах аж.

Холбоотой мэдээ