Спортын V наадамд амжилттай оролцсон хүүхдүүдэд баяр хүргэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-09-30 12:49:28

Монголын хүүхдийн спортын V их наадамд Өвөрхангай аймгаас амжилттай оролцсон дасгалжуулагч, тамирчин хүүхдүүдэд аймгийн удирдлагууд шагналыг нь гардуулж, амжилт хүслээ.

Тус наадамд спортын 8 төрлөөр 63 тамирчин, 8 дасгалжуулагч оролцсон бөгөөд 3 алт, 7 мөнгө, 12 хүрэл медаль хүртэж 21 аймаг, 9 дүүргээс 12 дугаар байрыг эзэлж, “Шилдэг зохион байгуулалттай баг”-аар шалгарсан амжилтыг үзүүлжээ. Их наадамд амжилт үзүүлсэн баг, тамирчид, дасгалжуулагчдад аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн баяр хүргэж хэлсэн үгэндээ “… Энэхүү амжилт бол тамирчин хүүхдүүд, багш дасгалжуулагчид, спортын салбарын ажилчдын хамтын хүчээр бий болсон ололт амжилт юм.  Улсын болоод тив дэлхийн чанартай тэмцээнд оролцож буй тамирчидаа дэмжих бодлогыг аймгийн зүгээс барьж ажиллаж байна. Аймаг, орон нутаг, улсынхаа нэрийг олон улсад цурайтуулсан нэр хүндтэй тамирчид болохыг хүсэн ерөөе” хэмээлээ.

Энэ үеэр тус наадмаас хүртсэн “Шилдэг зохион байгуулалттай баг”-ийн цомыг аймгийн Засаг даргад хүндэтгэлтэйгээр гардуулан өгөв. Монголын хүүхдийн спортын V наадамд оролцсон баг, тамирчдад орон нутгаас 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж Улаанбаатар хотод байх хугацааны байр, хоолны асуудлыг шийдвэрлэсэн байна.

Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд