АНУ-д хэт халсны улмаас 4 хүн нас баржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-06-21 14:25:08

ВАШИНГТОН. /VOA/. Өмнөд Калифорни болон АНУ-ын баруун өмнөд хэсгийн нутгуудад цаг агаар хэт халахыг цаг уурчид анхааруулсаар байна.

Эдгээр газар оронд хэт их халж байгаагийн улмаас наад зах нь 4 хүн амиа алджээ. Даваа гарагт Санта Барбара, Калифорни муж улсын баруун хэсэгт хээрийн түймэр дэгдэж эхэлсэн бөгөөд Аризона болон Шинэ Мексикт ч мөн ой хээрийн түймрүүд дүрэлзэж байна.

Агааржуулагчийн хэрэглээ нэмэгдэх тул эрчим хүчээ хэмнэхийг Калифорнийн эрчим хүчний компаниуд ард иргэдэд уриалжээ.  Мөн түүнчлэн харуй бүрий болсны дараа томоохон цахилгаан хэрэгслүүдээ ажиллуулахыг хэрэглэгчдэд зөвлөж байна.

Ням гарагт Аризона муж улсад  хэт их халсны улмаас 4 хүн амиа алджээ. Тэд бүгд явган аялал хийж, зарим нь уулын дугуй унаж яваад хэт халууны улмаас нас барсан байна. Тэдний гурав нь 20 орчим насны залуус байжээ. Калифорни муж улсын олон хотуудад ням болон даваа гарагт агаарын температур 38 хэмээс давсан бөгөөд Палм Спрингсийн цөлөрхөг газрын хотуудад 48 хэмд хүрч халсан байна.

Шинжээчдийн таамаглаж байгаагаар даваа гараг хамгийн халуун өдөр байсан бөгөөд мягмар гарагаас агаарын хэм буурах төлөвтэй байгаа ажээ.

Х.Сарнай

 

 

Холбоотой мэдээ