С.Долгорсүрэн: Ажлын байрыг дэмжихэд 32.9 тэрбум төгрөгийн зээл олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-05-21 19:44:44
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймаг дахь Монголбанкны хэлтсийн захирал С.Долгорсүрэнтэй Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилт, явцын талаар ярилцлаа.


-Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн явц Орхон аймагт хэр байна вэ?

- Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоолоор баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх цогц төлөвлөгөөн”-нд тусгагдсан ажлын байрыг дэмжих зээл, репо санхүүжилтийн зээл, ипотекийн зээлүүдийг Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй 7 арилжааны банкаар хэвийн олгож байна. Мөн хөдөө аж ахуй, малчдын үйл ажиллагааг дэмжих зээлийг ХААН, Төрийн банк олгож эхлээд байна.


Нийт 7 банкаар 498 зээлдэгчид 32.9 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Үүнээс 18.5 тэрбум төгрөгийг 92 аж ахуйн нэгж, 14.4 тэрбум төгрөгийг 406 иргэнд  олгожээ. Аж ахуйн нэгжийн хувьд үндсэн зээлийн 60 хувь буюу 300 сая төгрөг хүртэл зээлийн батлан даалтад хамрагдах боломжтой бөгөөд Орхон аймагт 3 аж ахуйн нэгж нийт 850.0 сая төгрөгийн батлан даалтад хамрагдсан байна.

"Ковид-19" цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулж, эдийн засгийг идэвхжүүлэх зорилтын хүрээнд банкуудын зээлийн эрсдэлийг бууруулж, бизнесийн үйл ажиллагаа, ажлын байрыг дэмжих зорилгоор Засгийн газраас хэрэгжүүлж буй энэхүү цогц төлөвлөгөөнд тусгагдсан жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай ажлын байрыг дэмжих зээлийг арилжааны банкуудын эх үүсвэрээс олгож байна.

Тус зээлийн зориулалт нь зээлдэгчийн ажлын байраа хадгалах, бизнесийн үйл ажиллагаагаа хэвийн тогтвортой явуулахад шаардлагатай эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэхэд, мөн банкнаас ижил зориулалтаар урд нь авсан зээлүүдийг дахин санхүүжүүлэх зорилготой. Зээлийн хэмжээ аж ахуйн нэгжид 500 сая төгрөг хүртэл, иргэнд 50 сая төгрөг хүртэл олгогдож байна.

2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 5 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар ХААН, Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк, Голомт, Хас, Капитрон, Богд гэсэн нийт 7 банкаар 498 зээлдэгчид 32.9 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Үүнээс 18.5 тэрбум төгрөгийг 92 аж ахуйн нэгж, 14.4 тэрбум төгрөгийг 406 иргэнд  олгожээ. Аж ахуйн нэгжийн хувьд үндсэн зээлийн 60 хувь буюу 300 сая төгрөг хүртэл зээлийн батлан даалтад хамрагдах боломжтой бөгөөд Орхон аймагт 3 аж ахуйн нэгж нийт 850.0 сая төгрөгийн батлан даалтад хамрагдсан байна.

-Ажлын байрыг дэмжих гурван хувийн зээлд  хэчнээн хүсэлт ирсэн бэ?

-2021 оны 5 дугаар сарын 14-ний байдлаар нийт 183.4 тэрбум төгрөгийн 1723 хүсэлт банкуудад ирсэн. Үүнээс 498 зээлдэгчид 32.9 тэрбум төгрөгийн олголт хийсэн. Одоо судлагдаж байгаа нь 25.8 тэрбум төгрөгийн 145 хүсэлт байгаа бол судалгаанд ороогүй 75.2 тэрбум төгрөгийн 738 хүсэлт байна. Татгалзсан нь 49.5 тэрбум төгрөгийн 342 хүсэлт байна. Ажлын байрыг дэмжих зээл олголтоороо Орхон аймаг улсдаа эхний гуравт буюу Улаанбаатар хот, Сэлэнгэ аймгийн дараа орж байна. Банкууд тус зээлийг харьцангуй сайн олгож байна.

-Ипотекийн зээл олголт манай аймагт хэр байна вэ?

-Орон сууцны зээлийн хүү 6 хувь болсноос хойш буюу эхний улирлын байдлаар 150 зээлдэгчид 9 тэрбум төгрөгийг олгоод байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тус зээлийн олголт 3 дахин нэмэгдсэн. 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд Орхон аймагт 259 зээлдэгчид 14.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг банкууд олгоод байна.  


2020 оны 4 дүгээр улирлаас эхлэн жилийн 10.5 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай репо санхүүжилтийн зээлийг банкууд олгож эхэлсэн. Орхон аймагт 5 дугаар сарын 14-ний байдлаар 96 зээлдэгчид 15.1 тэрбум төгрөгийн репо санхүүжилтийн зээл олгосон байна.  

-Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл болон малчдын орлого дэмжсэн зээлийг аль банкаар, ямар шалгуурын хүрээнд олгож байна вэ?

-“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх цогц төлөвлөгөө”-нд тусгасны дагуу хөдөө аж ахуй, малчдын үйл ажиллагааг дэмжих зорилгоор банкны эх үүсвэрээр зээл олгоно. Уг зээлд Засгийн газраас хүүгийн дэмжлэг үзүүлэхээр тусгаж, холбогдох хүүний дэмжлэгийн санхүүжилтийн гэрээг ХХААХҮЯ, Монголбанк, Сангийн яам хооронд, санхүүжилтийн ерөнхий гэрээг ХХААХҮЯ болон Төрийн банк, ХААН, Худалдаа хөгжил, Голомт, Хас, Капитрон зэрэг 6 банк хооронд байгуулсан.

Монголбанк дээрх гэрээний хүрээнд хөдөө аж ахуйн зээлд зарцуулах эх үүсвэрийн хэмжээг банкуудад хуваарилсан. Зээлийн хүсэлт хүлээн авах, зээл олгох ажлыг дээр дурдсан 6 банкны салбар нэгжээр дамжин хэрэгжиж байна.

- Репо санхүүжилтийн зээлийн явцын талаар?

- Монголбанкнаас "Ковид-19" цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор уул уурхайн бус экспорт болон жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санхүүжилтийг шийдвэрлэж, арилжааны банкуудад шинэ зээл олгох боломжийг бүрдүүлж өгсөн. 2020 оны 4 дүгээр улирлаас эхлэн жилийн 10.5 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай репо санхүүжилтийн зээлийг банкууд олгож эхэлсэн. Орхон аймагт 5 дугаар сарын 14-ний байдлаар 96 зээлдэгчид 15.1 тэрбум төгрөгийн репо санхүүжилтийн зээл олгосон байна.  

-10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд олгож буй зээлтэй холбоотойгоор иргэдэд юуг анхааруулж хэлэх вэ? 

-“Ажлын байрыг дэмжих зээл”-ийн хувьд иргэдийн дунд зөрүүтэй ойлголт яваад байна. Уг зээл нь "Ковид-19" цар тахлаас шалтгаалж эргэлтийн хөрөнгийн дутагдалд орсон (цалингаа тавьж чадахгүй болсон, түрээсээ төлж чадахгүй байгаа гэх мэт) жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд ажлын байраа хадгалах, үйл ажиллагаагаа хэвийн тогтвортой явуулахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Гэтэл зарим зээлдэгчид тус зээлийг авч бизнесээ өргөжүүлэх зорилгоор үл хөдлөх хөрөнгө, тоног төхөөрөмж худалдан авах зорилгоор хүсэлт өгч байна. Мөн нэг зээлдэгч хэд хэдэн банканд зэрэг материал бүрдүүлж өгч байгаа нь нэг талдаа банкны зээлийн мэргэжилтнүүдийн ажлын ачааллыг нэмэгдүүлж байгаа нь ажиглагдаж байна. Иймд аж ахуйн нэгж, иргэд зээлийн зориулалтыг анхаарч, зээлийн хүсэлтээ өгөх шаардлаагатай. 

Холбоотой мэдээ