Дархадын хотгор чиглэлийн хөдөлгөөнийг энэ сарын 24 хүртэл түр зогсоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-05-22 21:22:53

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд коронавирүсний 2 тохиолдол батлагдсан учраас Дархадын хотгор чиглэлийн хөдөлгөөнийг аймгийн Засаг даргын захирамжаар энэ сарын 24-ний өдөр хүртэл түр зогсоолоо.

Тодруулбал Улаан-Уул, Баянзүрх, Рэнчинлхүмбэ, Цагааннуур, Арбулаг сумын орох, гарах хөдөлгөөнийг 5 дугаар сарын 24-ний 09.00 цаг хүртэл хаалаа. Энэ үеэр хяналтын цэг ажиллуулж халдварын голомтыг хумих, тандалт судалгааг зохион байгуулж ажиллахыг дээрх сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо.

Зөвхөн эрүүл мэнд, буяны ажил, албан томилолт, хүнс, шатахуун, түлээ түлш тээвэрлэх үед тусгай зөвшөөрлөөр зорчино. Харин бусад сум руу зөвшөөрөл шаардахгүй чөлөөтэй нэвтэрнэ. Мөн халдвар тархахаас сэргийлэх зорилгоор Мөрөн сумын Сүхийн ам, Нисэхийн чиглэлд хяналтын пост ажиллаж эхэллээ.




Холбоотой мэдээ