ЭМГЭНЭЛ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2021-05-27 18:45:46

ЦЭРЭНГИЙН СҮРЭНЖАВ

(1954-2021 ОН)


Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч, орчуулагч, хятад судлаач, МОНЦАМЭ агентлагийн ахмад ажилтан Цэрэнгийн Сүрэнжав 2021 оны тавдугаар сарын 25-ны өдөр өвчний учир таалал төгсөж, бидэнд хүнд гарз тохиолоо.


Ц.Сүрэнжав нь 1954 онд Ховд аймгийн Булган сумын нутаг “Далтын ам” хэмээх газар төрсөн, Торгууд яст, Егс овогт хүн байв. Тэрбээр 1962-1972 онд Ховд аймгийн Булган сумын 10 жилийн дунд сургууль, 1972-1977 онд МУИС-ийг монгол хэл, уран зохиолын багш, хятад хэлний орчуулагч мэргэжлээр дүүргэсэн. Мөн БНХАУ-ын Шэньян хотын Ляонингийн их сургуульд хятад хэлний мэргэжил дээшлүүлсэн юм.


Ц.Сүрэнжав нь 1977 оноос МРТУХ-ны Гадаад нэвтрүүлгийн ерөнхий редакцид хятад, орос хэлний орчуулагч-редактор, Ерөнхий редактор, МРТУХ-ны коллегийн гишүүн, комиссын дарга, Монголын радиогийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, 1992-2014 онд МОНЦАМЭ агентлагийн Бээжин дэх тусгай сурвалжлагчаар гурван удаа томилогдон ажилласны зэрэгцээ агентлагаас хятад хэлээр эрхлэн гаргадаг “Монголын мэдээ” сонины эрхлэгч, улс төрийн тоймч, Ерөнхий редактороор ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан юм.


Түүнээс гадна хятад судлаач, хятад хэлний орчуулагчийн хувиар төр засгийн болон МОНЦАМЭ агентлагийн албан ёсны айлчлал, олон улсын хурал, чуулга уулзалт, хэлэлцээр зэрэгт Монголын талын орчуулагч, сурвалжлагчаар олон удаа нэр төртэй оролцож байсан юм.


Зохиолч, сэтгүүлч, орчуулагч, судлаач Ц.Сүрэнжав нь “Хөх тэнгэрийн боол”, “Цацлын есөн дусал”, “Торгуудын туужууд”, “Гэгээрэхүйн яруусал”, “Хөх тэнгэрийн орноор дүүлэхүй”, “Дэлхийн тайлагдаагүй нууцууд” нэвтэрхий толь, “Чингис хаан”, “Монгол-Ойрадын цаазын бичиг”, “Торгоны зам”, “Монголын нууц товчооны шинэ галиг, шинэчилсэн харгуулал”, “Ганц хүний дайн”, Л.Н.Гумилевын “Каспийн эргэнд мянган жил”, “Хятад дахь Хүннү”, Мао Зэдуны “Улаан ном”, Дэн Сяопиний “Түүвэр зохиол” III боть зэрэг орчуулгын болон өөрийн бичиж туурвисан 80 гаруй номыг хэвлэлд бэлтгэж, 30 гаруйг нь хэвлэн олны хүртээл болгосон нэн хөдөлмөрч уран бүтээлч байлаа. 


Ц.Сүрэнжавын хөдөлмөр зүтгэл, уран бүтээлчийн авьяас чадварыг төр засгаас өндрөөр үнэлж, 2014 нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн цол, тэмдгээр шагнасан юм.


Талийгаачийн эгэл даруу, хүнлэг нөхөрсөг зан чанар, элэгсэг дотно дүр төрх, бүтээн туурвихийн үлгэр дууриалал нь бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.


МОНЦАМЭ агентлагийн хамт олон, Ахмадын хороо

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд

Холбоотой мэдээ