Тусгаарлалтад байсан хоёр настай хүүхдээс халдвар илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-05-31 12:02:18

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт өчигдөр коронавирусний халдвар авсан хүний тоо долоогоор нэмэгдэж, батлагдсан тохиолдол 268 болсон. Тэгвэл өнөөдөр халдварын батлагдсан тохиолдол дахин нэгээр нэмэгджээ. 

Тодруулбал, Ховд аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 228 сорьцод PCR шинжилгээ хийв. Ингэхдээ Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн вируслогийн салбар лаборатори 139 сорьц, Зоонозын өвчин судлалын төвийн явуулын баг 89 сорьцод тус тус PCR шинжилгээ хийсэн байна. Улмаар коронавирусний халдварын нэг тохиолдол шинээр бүртгэгдэж, Ховд аймагт батлагдсан тохиолдол нийт 269 боллоо.

Өөрөөр хэлбэл, "Тусгаарлах эмнэлэг"-т хэвтэн эмчлүүлж буй Улаанбаатар хотоос ирсэн халдвартай иргэдийн ойрын хавьтал буюу “Цамбагарав” зочид буудалд тусгаарлагдаж байсан хоёр настай хүүхдээс халдвар илэрчээ.

Одоо “Тусгаарлах эмнэлэг”-т 18 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Коронавирусний халдвар авч, олон хоногийн турш маш хүнд оноштой эмчлүүлж байсан нэг иргэний биеийн байдал эмчилгээний үр дүнд сайжирч, хүндэвтэр байдалд шилжсэн гэх мэдээллийг албаны эх сурвалж онцоллоо.

Харин бусад халдвартай иргэний биеийн байдал хөнгөн байна.

Тавдугаар сарын 31-ний өдрийн байдлаар Ховд аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 118, тусгаарлан ажиглах байранд 123, гэрийн тусгаарлалтад 6, гэрийн ажиглалтад 410 иргэн байна.

  

Холбоотой мэдээ