“Бамбарууш” кафег хүүхэд, гэр бүлийн зориулалтаар ажиллуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-06-01 14:06:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хүүхэд залуусын хөгжилд зориулж барьсан барилга байгууламжийг зориулалтын журмаар ашиглах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд шийдэх талаар хэлэлцлээ.


Энэ хүрээнд эзэмшил нь хувийн хэвшлийн мэдэлд очсон барилга, байгууламжийг анх байгуулсан зориулалтаар нь ашиглах тохиолдолд үйл ажиллагааг нь дэмжих аж. Тухайлбал, социалист нийгмийн үед хүүхэд залуусын үйлчлүүлэх дуртай байсан “Бамбарууш” кафег эзэмшигч аж ахуйн нэгж анхны зориулалтаар нь ашиглахаа Засгийн газарт мэдэгджээ. Тус кафе есдүгээр сарын нэгнээс рестораны чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж.


Түүнчлэн, хуралдаанаар Монголын хүүхэд залуусын оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох, дэлхийн театр урлагийн хөгжлөөс суралцах боломж олгох зорилгоор Хүүхэд залуусын театрыг дахин байгуулах тухай хэлэлцжээ.

Ингэхдээ Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороонд барьж байгаа дүүргийн Соёлын ордны барилгыг Хүүхэд залуусын театрт шилжүүлж үйл ажиллагаа явуулах тухай хэлэлцсэнийг Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлсэн юм.


Одоогоор барилгын ажил 65 хувьтай, энэ оны 12 сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Театрт 110 уран бүтээлч, ажилтан ажиллах бөгөөд үйл ажиллагаагаа хэвийн явуулахад шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгах юм.

Хүүхэд, залуучуудад зориулсан драмын театрыг 1951 онд "Хүүхдийн төв театр" нэртэйгээр 13 жүжигчний бүрэлдэхүүнтэй байгуулсан түүхтэй. 1967 онд “Хүүхэд, залуучуудын театр” болгон өргөжүүлж, 1991 оноос театрын удирдлагыг менежментийн гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлсэн. 1997 оноос төрд ногдох хувьцааг худалдах нөхцөлөөр хувьчилснаар театр үйл ажиллагаагаа зогсоож, хүүхэд, залуучуудад зориулсан мэргэжлийн уран бүтээл туурвих боломжгүй болжээ. 

Холбоотой мэдээ