Эрдэнэсийн сангийн дэргэд “Мөнгөн тэмдэгтийн танхим” нээлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй болгох, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх хүрээнд “Банкны ажилтны өдөр”-ийг угтан Эрдэнэсийн сангийн дэргэд “Мөнгөн тэмдэгтийн танхим” нээлээ.
“Мөнгөн тэмдэгтийн танхим”-д Эрдэнэсийн санд хадгалж буй
эртний зоос, Монгол Улсад төлбөрийн үүрэг гүйцэтгэж байсан эд зүйлс, цаасан, зоосон мөнгөн тэмдэгт, дурсгалын
зоос зэрэг нэн ховор, түүхэн ач холбогдолтой үзмэрүүд хадгалагдаж байна.
Тухайлбал, 20 кг хунз цай, Манж Чин улсын үе, 1926 оноос өнөөг хүртэл гүйлгээнд хэрэглэж байсан зоосон мөнгө, төлбөрийн хэрэгслийн иж бүрэн цуглуулгыг нэрлэж болох юм.
Монгол Улсын төлбөрийн хэрэгслийн хөгжлийн түүхийг олонд харуулах энэ танхимд сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглаж "Холограмм угтагч, хөтөч", "6D хэмжээст хөдөлгөөн мэдрэгчид суурилсан боловсрол, сургалт, танин мэдэхүйн контент”, интерактив самбар, АR дэлгэцэнд суурилсан "Санхүүгийн боловсрол, мультимедиа контентын үндсэн аппликейшн" зэргийг нэвтрүүлжээ. Үүгээр дамжуулан төлбөрийн хэрэгслийн мэдээллийг илүү сонирхолтой, ойлгомжтой байдлаар хүргэж байна.
Төлбөрийн хэрэгслийн түүхийг нэг дороос үзэх боломжтой энэ танхимд иргэд цар тахлын тархалтын нөхцөл байдал намжсаны дараа зочлох, мэдээлэл авах нь нээлттэй аж.