Хөвсгөл аймаг “Хавдрын эрт илрүүлгийн төв”-тэй болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-06-02 22:41:31

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн төв Мөрөн суманд Хавдрын эрт илрүүлгийн төв ирэх намар ашиглалтад орно.

Тус аймагт өнгөрсөн онд хорт хавдрын 270 тохиолдол шинээр оношлогдсон нь улсад 3 дугаар байрт оржээ. Хорт хавдрын бүтцийг задлан авч үзвэл, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны хавдар нийт тохиолдлын 60 гаруй хувийг дангаар эзэлж байна.



Тус төвийн барилгын ажлын явцтай УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан танилцлаа. Тэрбээр “Элэг бүтэн Хөвсгөл" хөтөлбөрийн хүрээнд тус аймагт хавдрын тусламж үйлчилгээг сайжруулах, олон улсын жишигт нийцсэн эрүүл мэндийн сайн үйлчилгээ, чанартай оношилгоо, шилдэг мэс заслын эмч нарын ур чадварыг нутагшуулахыг зорьж байгаа. Хөдөөгийн багуудаар хавдрын эрт илрүүлгийн баг ажиллуулж, 6000 орчим хүнд хүрч үзлэг оношилгоо хийсэн туршлага бидэнд байна. Энэ ажлаа үргэлжлүүлэх Хавдрын эрт илрүүлгийн төвийг байгуулах анхны санаачилга гаргаж, барилгын ажлыг эхлэхээс дуусгах хүртэл зүтгэж ирсэн дурангийн эмч Ч.Болдбаатарт  баярлалаа”  гэдгийг онцолж байлаа. 

Монгол Улсын хэмжээнд хавдрын тусламж үйлчилгээг Улаанбаатар хотод төвлөрүүлэн үзүүлдэг нь орон нутгийн хүмүүст эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж сул байх, тэр дундаа хорт хавдрын оношилгоо эмчилгээг оройтож авах, эдийн засгийн хувьд шаардлагагүй дагалдах зардал өндөр тусч байгаа  юм. Иймээс  иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дэмжих замаар хавдрын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах дадал зуршлыг бий болгох, эдийн засгийн ачаалалгүйгээр хавдрын нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг харьяа орон нутгийн эмнэлэгт чирэгдэлгүйгээр хүргэх зорилготой Хавдрын эрт илрүүлгийн төвийг байгуулж байгаа ажээ.

 

Холбоотой мэдээ