Сэлбэ дэд төвийн дулааны станц барих ажлын гүйцэтгэл 95 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-06-03 10:23:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сүхбаатар дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар тус дүүрэгт ажиллалаа.


Энэ үеэр Сэлбийн хурдны зам болон Сэлбэ дэд төвийн дулааны станцтай танилцав. Сэлбийн хурдны зам нь Сэлбэ голын дагуу Улаанбаатар хотын төвийг захын гэр хороолол, зуслантай холбож байгаа 25.2 км авто зам юм. Зам ашиглалтад орсноор хүн амын төвлөрөл ихтэй гэр хорооллын замын ачаалал, түгжрэл багасах, арилах нөхцөл бүрдэнэ.


Сүхбаатар дүүргээс сонгогдсон гишүүд хамгийн их тулгамдаж байгаа асуудал газар чөлөөлөлт. Үүнийг шийдэж өгвөл бүтээн байгуулалт хийх бүрэн боломжтойг хэлж байлаа. Бүх том компани энд бүртгэлтэй, татвар төлөлт сайн байдаг учраас энэ мөнгийг дүүргийн бүтээн байгуулалтад зарцуулах хэрэгтэйг онцолжээ. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газар суурь шийдэлд дэмжлэг үзүүлнэ. Гэхдээ дүүргийн биш, нийслэлийн хэмжээнд гэдгийг тодотгож байлаа.


Өнгөрсөн жил нийслэлийн таван дүүргийн 29 байршилд булгийн ус байнга гарч, хүндрэл үүсжээ. Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооноос эх авч 18, 16-р хорооны нутаг дэвсгэрээр дамжин Сэлбэ гол руу цутгах Бэлхийн голын үерийн хамгаалалтын барилга байгууламж 1980 онд баригдсан. Зун цагт уулаас буусан их үер байгууламжийг хальж айл өрхүүд рүү урсах тохиолдол сүүлийн жилүүдэд ихэсжээ. Иймд хөрсний усыг нь шийдсэн, иж бүрэн үерийн хамгаалалттай барилга байгууламж хийхэд 16 тэрбум төгрөг шаардлагатай байгаа аж.  Ерөнхий сайд үүнийг ирэх жилийн улсын төсөвт тусгахаар болсон юм.  


Азийн хөгжлийн банк, НЗДТГ-ын хөрөнгө оруулалтаар “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд Сэлбэ дэд төвийн 28 МВт хүчин чадал бүхий дулааны станцыг 2019 оноос барьж эхэлжээ. Станцын барилга, шугам сүлжээний угсралтын ажлын гүйцэтгэл 95 хувьтай байна.


Тус станцтай 30 аж ахуйн нэгжийг холбох бөгөөд үнсээ 99.9 хувь шүүх аж. Тортог гаргахгүй, байгальд ээлтэй технологи ашиглажээ. Зургадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулсны дараа тохируулгаа хийнэ. Төслийн хүрээнд гурван дулааны станц бий. Дамбадаржаа, Дэнжийн 1000-ын станц ашиглалтад орсноор 120 мянган өрхийг дулаан, хэрэглээний усаар хангана” гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс мэдээлжээ.

Холбоотой мэдээ