Хүүхдийн өвчлөл 28.2 хувиар нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн долоо хоногт “Ковид-19” халдварын 541 тохиолдол шинээр бүртгэгдэж, хөл хорио цуцлагдсанаас хойш өвчлөл нэмэгдэж байгааг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох мэдээлэв.
Улаанбаатар хотод цар тахлын өмнөх үеийнхтэй харьцуулахад, хүнсний дэлгүүр, эмийн сан чиглэх хүн амын хөдөлгөөн 94 хувь, барааны дэлгүүр, ресторанаар үйлчлүүлэх нь 20 хувь, автобусны буудал буюу хүн амын шилжилт 40 хувь, Цэцэрлэгт хүрээлэнг чиглэх хөдөлгөөн 41 хувиар ихэссэн байна.
Тэрбээр, "Хөдөлгөөний эрчим нэмэгдэх нь халдвар цааш тархах гол хүчин зүйл болдог. Үүнтэй холбоотой нийгмийн хамгийн идэвхтэй хүн амын бүлэг 18-39 насныханд халдвар илүү тархаж байна. Гэтэл энэ насныхны вакцинд хамрагдсан үзүүлэлт маш доогуур байна. Мөн хүүхдийн өвчлөл сүүлийн 14 хоногт 28.2 хувиар нэмэгдсэн. Хүүхдийн дундах халдвар нэмэгдэж байгаагийн шалтгаан эцэг, эх халдварт өртөж байгаатай холбоотой. Хэрэв эцэг, эх халдвар авсан тохиолдолд хүүхэд шууд халдварт өртөх үндэс болж байгаа юм. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ баримталж, вакциндаа бүрэн хамрагдах асуудал хамгийн чухал болоод байна. Тэгж байж халдварын гинжин хэлхээ цааш буурах хандлагатай болж ирнэ" гэв.
Улсын хэмжээнд өдөрт шинээр батлагдах тоон хэмжээг авч үзвэл,
хэрэв хоёр тун вакциныг энэ сарын 15-нд хийж дуусгавал 6 дугаар сарын хоёр дахь долоо хоногоос өдөрт гарах
тохиолдлын тоо буурч эхлэх тооцоолол гарчээ.
Түүнчлэн “Вероселл” вакцины давтан тунтай иргэдийн 0.44 хувь, “Спутник-V” вакцин хийлгэсэн иргэдийн 0.64 хувь, “Астразенека”-гийн вакцин тариулсан иргэдийн 0.54 хувь нь халдвар авчээ. Вакцинд бүрэн хамрагдсан иргэдийн 0.1 хувь нь коронавирусээр халдварласан аж.
Мөн тэрбээр, хүүхдийн
өвчлөл нэмэгдэж байгаа тул зуслан ажиллуулахгүй байх, танхимын сургалтыг
10-аас дээш хүүхэдтэй хийхгүй байх, олон нийтийн газар 10-аас доош насны хүүхдэд үйлчлэхгүй байх, хүүхдийн автомат
тоглоомын газрын үйл аижллагааг хязгаарлах, амны хаалт тогтмол зүүх, олон
нийтийн газраар хүүхэд дагуулж явахгүй байх зэрэг халдвар хамгааллын дэглэмийг
баримтлан хари арга хэмжээ
авч хэрэгжүүлэхийг сануулав.