Орон нутагтаа үйлдвэрлэдэг хүнсний зарим бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-06-07 16:25:25

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймаг өнөөдрийн байдлаар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний 15-150 хоногийн нөөц, хангамж байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.

-Цар тахлын хөл хорионы үед аймгийн нийт иргэдийг хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүнээр хангах, хангамжийн судалгааг байнга хийж байгаа. Аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон стратегийн хүнсний бүтээгдэхүүний хангамж болон хүнсний өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний  зохиомол хомстол, үнийн хөөрөгдөлд хяналт тавих ажлын хэсэг аймгийн хэмжээнд бараа бүтээгдэхүүний үнэ, хангамжийг тогтвортой түвшинд барьж ажиллаж байна.

Хүнсний хангамж, нөөцийн судалгааг 24 сумын хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжээс авч байгаа. Мөн төмс, хүнсний ногооны үйлдвэрлэгчдийн зоорь, агуулах дахь нөөцийн мэдээнд үндэслэн гаргаж байна. Энэ судалгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, аймгийн Засаг даргын Тамгын газарт долоо хоногт хоёр удаа тогтмол хүргэдэг. Сумдад хүнсний хомстол үүсэхээс сэргийлж, татан авалтыг цаг хугацаанд нь зохион байгуулж ажилласан байна. Өнөөдрийн байдлаар манай аймагт хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний 15-150 хоногийн нөөц, хангамж байна. Орон нутагтаа үйлдвэрлэдэг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна. Харин Улаанбаатар хотоос татан авдаг зарим хүнсний бүтээгдэхүүний үнэ 500-800 орчим төгрөгөөр нэмэгдсэн. 

Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгч 1065 иргэн, хүнсний ачаа тээврийн 112 жолоочийн судалгааг гаргаж, аймгийн Онцгой комисс болон Эрүүл мэндийн газарт хүргүүлсэн. Энэ судалгаанд үндэслэж дээрх иргэдийг вакцины эхний тунд хамруулсан байна. Аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр зургаа, сүүний чиглэлийн эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч 14, согтууруулах ундааны үйлдвэр хоёр ажиллаж байна.

Харин гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэх 0,5-1 тоннын хүчин чадалтай үйлдвэр, цех 9, хүнсний худалдаа үйлчилгээний 320 гаруй аж ахуйн нэгж, худалдааны дөрвөн төв үйл ажиллагаа явуулж байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан дээрх аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг чанд баримталж иргэдэд үйлчилгээ үзүүлж байна гэв. 

Холбоотой мэдээ