Монголын "Bauma" буюу дэд бүтцийн салбарын хамгийн том үзэсгэлэн “Build Mongolia 2022” 4 дүгээр сард зохион байгуулагдана.

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
tumenee01@gmail.com
2022-03-28 14:05:56

           Build Mongolia буюу Бүтээн байгуулалт 2022 нь улс орны эдийн засгийн хөгжилд хамгийн чухал үүрэгтэй дэд бүтэц, барилга бүтээн байгуулалтын салбаруудыг нэгэн дээвэр дор багтаасан техник технологийн үзэсгэлэн юм. Build Mongolia 2022 үзэсгэлэн нь 2022 оны 4 дүгээр сарын  20-22-ны өдрүүдэд “Степпе-Арена- Мөсөн өргөө”-д зохион байгуулагдана.

Үзэсгэлэнгийн үеэр бүтээн байгуулалтын салбарын хамгийн шилдэг техник технологийг танилцуулахаас гадна үзэсгэлэнг зорин ирэх хөрөнгө оруулагчид, ханган нийлүүлэгчид болоод бусад зочдод Монголын барилга, уул уурхай, эрчим хүч, зам тээврийн салбарын мэдээллийг бүрэн хүргэх зорилгоор салбар тус бүрийн тухайн үеийн онцлог сэдвийг хөндсөн төрийн бодлогын хэлэлцүүлэг, компаниудын илтгэл тавигдана.

Build Mongolia 2022 үзэсгэлэн нь нэг талаар олон улсын нийлүүлэгчдэд Монголын дээрх салбаруудын хөгжлийг үнэлж дүгнэх, нөгөө талаар Монгол улсын эдийн засгийн чухал салбар болох зам, тээвэр, эрчим хүч, барилга, хот байгуулалтын салбарт дэлхийн шилдэг техник технологи, арга барилыг нэвтрүүлэх, олон талт хамтын ажиллагааны гүүр болох өндөр ач холбогдолтой арга хэмжээ юм.           

            Энэ жилийн хувьд Build Mongolia 2022 үзэсгэлэн хоёр дахь удаагаа зохион байгуулагдах гэж байгаа юм. Ингэхдээ илүү өргөн цар хүрээнд, далайцтай зохион байгуулагдана. Үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгчээр Батсээр ХХК, алтан ивээн тэтгэгчээр TOYOTA SALES MONGOLIA LLC, мөнгөн ивээн тэтгэгчээр Soyolon International LLC ажиллаж байна. Харин мэдээллийн ивээн тэтгэгчээр Bloomberg TV хамтран ажиллаж байна. Мөн дэмжигч байгууллагаар Барилга, хот байгуулалтын яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам  хамтран ажиллаж байна.

Үзэсгэлэнд салбар салбарын 100 гаруй шилдэг байгууллагууд оролцохоор нэгдээд байна. Тухайлбал, эрчим хүчний салбарын томоохон төлөөллийн нэг болох эрчим хүчний тоног төхөөрөмжийн зохион бүтээлт, үйлдвэрлэл, тоноглолын салбарт 12 жилийн туршлагадаа үндэслэн эрчим хүчний салбарын хөгжил, дэлхийн чиг хандлагад нийцүүлэн импортыг орлох эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж буй “Багануур Цахилгаан Механикийн Үйлдвэр” ХХК оролцож байна.  Мөн барилгын салбарт орчин үеийн технологийн шийдэл бүхий тоног төхөөрөмжүүдээс гадна 1,345м өөрийн төмөр зам, өндөр даацын гүүрэн кранууд, хагас автомат хэмжилттэй чанар хяналтын лаборатори, технологийн харилцан уялдааг хангасан зохион байгуулалт бүхий үйлдвэрлэлийн цогц бааз, мэргэжлийн инженер техникийн ажилчидтайгаар бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг чанар стандартын дагуу харьцангуй хямд өртгөөр үйлдвэрлэн хэрэглэгчдэд түргэн шуурхай нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэн ажилладаг "УЛААНБААТАР БҮК" ХК бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулан оролцож байна.  Үүгээрч зогсохгүй уул уурхайн салбарын томоохон төлөөлөл болох Батсээр ХХК, Im Tranding LLC оролцож байгаа бол зам, дэд бүтэц, тээврийн салбараас Bitumina, MN Line LLC, Шүрэн Элс ХХК зэрэг томоохон байгууллагууд оролцож байна.

 

Бүтээн байгуулалт буюу “Build Mongolia”- 2022 үзэсгэлэнд оролцох бол www.buildmongolia.com -   цахим хуудсаар бүртгэл явагдаж байна.

 

 

 Дэлгэрэнгүй мэдээллийг: 77773010 

Холбоотой мэдээ