Архины хамаарлаас гаргах эмчилгээ үр дүнтэй байна гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-06-23 00:32:40

Дархан-Уул аймагт архи, согтууруулах ундааны хэрэглээг багасгаснаар гэмт хэрэг зөрчлийн тоог бууруулж, ахуйн хүрээний архидан согтууралтыг зогсоох зорилгоор аймгийн Засаг дарга А.Энхболдын санаачилсан “Архигүй Монгол” хөтөлбөрийн хүрээнд “Зөв амьдрал” хөдөлгөөн өрнөсөн.

Энэ хүрээнд “Аз жаргалын эрэлд” ТББ нь Улаанбаатар хотын “Эрүүл идэвхтэй амьдрал клуб”-тэй хамтарч архинаас хамааралтай 15 иргэнийг сэтгэлзүйн болон эмийн эмчилгээнд хамруулж нийгэмшүүлэх сургалт явуулсан бол уг сургалтад оролцогсод “Эдгэрлийн баяр”-аа хийжээ. “Аз жаргалын эрэлд” ТББ нь 2012 оноос ажиллаж эхлэснээс хойш 150 гаруй архинаас хамааралтай иргэдийг сургалтад хамруулж нийгэмшүүлэх ажлыг хийсэн байна. Тус ТББ нь архинаас хамааралтай иргэдийг өөрийнх нь хүсэлтийн дагуу сэтгэлзүй болон эмийн эмчилгээнд үнэ төлбөргүйгээр хамруулдаг учраас одоогоор санхүү болон ажлын байр тулгамдсан асуудал болоод байгааг мөн үеэр аймгийн удирдлагуудад хэллээ. Энэ удаагийн сургалтыг “Дэлхийн зөн” ОУБ-аас түр хугацааны санхүүжилт хийсэн бол орон нутгаас дэмжиж аймгийн ЭМГ-аас ажлын байр гаргаж өгчээ.

Цаашид үйл ажиллагаагаа тогтвортой явуулахын тулд хандив цуглуулах ажлыг  зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Эмчилгээ, нийгэмшүүлэх сургалтын үр дүн маш сайн байгааг сургалтад хамрагдагсад хэлж байв. “Аз жаргалын эрэлд” ТББ-д таван ажилтан ажилладаг бөгөөд мэргэжлийн эмч, сэтгэлзүйчээс гадна өмнө нь архинаас хамааралтай байсан иргэд гишүүн нь болж тус байгууллагыг зорин ирж байгаа хүмүүст үлгэр дуурайлал үзүүлэх замаар сургалтаа явуулдаг аж. Мөн тус төвд “Сэтгэцийн эмгэг, Мансуурлын үндэсний төв”-өөс амралтын өдрүүдэд мэргэжлийн эмч, сэтгэлзүйчид ирж ажилладаг байна.

                                                                                                                                                       Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ