Ч.Номинтуяа: Сонгуульд эмэгтэйчүүд идэвхтэй саналаа өгч байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал хураалт үргэлжилж байна.
БГД-ийн 24-8-1 дүгээр хэсгийн хорооны санал авах байранд 18.00 цагийн байдлаар сонгогчдын 50.55 хувь нь саналаа өгөөд байв. Тус хэсгийн хорооны сонгогчийн нэрсийн жагсаалтад нийт 2 143 сонгогч бүртгүүлжээ.
Энэ удаагийн сонгууль халдвар хамгааллын онцгой нөхцөл байдалд болж буйгаараа онцлогтой. Санал өгөх иргэд халдвар хамгааллын дэглэмийн дагуу амны хаалт зүүж, халуунаа хэмжүүлж санал өгөх байранд нэвтэрч байв.
Тус хэсгийн ахлагч Ч.Номинтуяа хэлэхдээ, “Одоогоор ямар нэгэн зөрчил гараагүй, санал хураалт хэвийн явагдаж байна. Үдээс өмнө 50-65 насныхан, өдөр тийшээ 30-55 насныхан саналаа идэвхтэй өгч байна. Хүйсийн хувьд эмэгтэйчүүд сонгууульд илүү идэвхтэй оролцож байна. Өчигдрийн хувьд хуулийн дагуу явуулын хайрцгаар 13 хүнээс санал авсан. Хэвтрийн өвчтэй 5, тусгаарлах байранд байгаа 8 өвчтөн, нэг өндөр настан эмнэлэгт хэвтсэн учир татгалзсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох ээлжит сонгуульд нийт иргэдийг идэвхтэй оролцохыг уриалж байна” гэв.
Санал авах байранд тус хэсгийн хорооны зохион байгуулагч 9, МАН, АН, "Зөв хүн электорат” эвслийн нэг ажиглагч, нам тус бүрээс гурван ажиглагч ээлжээр ажиллаж байгаа аж.