Сүхбаатар аймгийн 12 суманд халдвар тархлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-06-10 12:54:35

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт сүүлийн 24 цагт коронавирусний халдварын 16 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 350 боллоо. Тодруулж хэлбэл, Баруун-Уртад зургаа, Уулбаянд нэг, Онгонд нэг, Наранд долоо, Дарьганга суманд нэг тохиолдол тус тус бүртгэгджээ.

Дарьганга суманд халдвар шинээр бүртгэгдсэнээр тус аймгийн 12 суманд халдвар тархаад байгаа юм.

Халдварын ихэнх тохиолдлууд нь зөөвөрлөгдөн ирж байгаа бөгөөд батлагдсан тохиолдлын ойрын харьцагч, гэр бүлийн хүрээллийн дунд тархах эрсдэл өндөр байна. Одоогоор Баруун-Урт сумын эх үүсвэр нь тодорхойгүй нэг халдварын голомтыг тогтоохоор тандалтын баг ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар аймгийн НЭ-т 110, Наран сумын ЭМТ-д хоёр, нийт 112 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Халдвар авч эмчлүүлж байгаа иргэдийн дунд вакцины эхний тунд хамрагдсан 71, хоёр дахь тунд хамрагдсан 68, бүрэн тундаа хамрагдан 14 ба түүнээс дээш хоносон 25 иргэн байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээлэв.

Батлагдсан тохиолдлын ойрын 804, дам 894 харьцагч гэрийн ажиглалт тусгаарлалтад байна. Сүүлийн 24 цагт хийсэн 200 орчим иргэний шинжилгээний хариу хүлээгдэж байна.  

Холбоотой мэдээ