Хонконг вакцинжуулалтыг дэмжихэд зориулж нийт 14 сая ам.долларын шан амлажээ

Дэлхийд | Эрүүл мэнд
ayanzaya@montsame.gov.mn
2021-06-10 13:47:57

ХОНКОНГ /СЯНГАН/. /South China Morning Post/. Хонконгт коронавирусний вакцинжуулалтыг дэмжихэд чиглэсэн сугалааны цуврал тохиролд зориулж нийт 14 сая ам.доллар бүхий шан амлажээ.


Тодруулбал, вакцинд бүрэн хамрагдсан иргэд орон сууц, “Tesla”-гийн автомашин, “Rolex”-н цаг, алтан гулдмайн эзэд болох боломжтой аж.


Өндөр шан амласан сугалааны тохирлыг ивээн тэтгэгч, санаачлагчид нь эдийн засгийн нөхцөл байдлыг нэн даруй хэвийн болгож, хязгаарлалтыг цуцлах сонирхолтой томоохон бизнес эрхлэгчид байжээ.


Хөтөлбөрт түлхэц болсон нэгэн том сугалаа нь оршин суугчдын дунд 1.4 сая ам.долларын орон сууц хожих боломжийг олгосон явдал юм. Түүнчлэн сугалаанд зориулж Хонконгийн Шинэ ардын намын дарга Регина Ип хувийн цуглуулгаасаа очир эрдэнийн шигтгээтэй “Rolex” брэндийн цагаа хандивлажээ. Тээврийн компаниудын нэг нь “Tesla”-гйн автомашин санал болгосон бол тэрбумтан Ли Шауки алтан гулдмайгаар азтаныг шагнах аж.


Үүнээс гадна вакцинаа хийлгэсэн сугалаанд оролцогчдод “iPhone” ухаалаг гар утас, 60 мянга ширхэг нисэхийн тасалбар, их хэмжээний мөнгөтэй картын эзэн болох, хөлөг онгоцоор аялах, зочид буудалд байрлах, төрөл бүрийн хөнгөлөлттэй эрхийн бичиг хожихыг санал болгоод байгаа юм.  


Хонконгийн хүн ам тэр дундаа залуучууд дунд дархлаажуулалтын хурд саарч байгаад эрх баригчид санаа зовниж байна. Хүн ам нь 7.5 сая орчимд хүрдэг том хотод 2.7 сая тун вакцин хуваарилагджээ. Эрх баригчид 9 дүгээр сард хугацаа нь дуусах Германы “BioNTech” компанийн вакцинд хамрагдах хөтөлбөрт идэвхтэй оролцохыг оршин суугчдад онцгойлон уриалж байна. Хонкогт оршин суугчид мөн Хятадын “Sinovac” компанийн вакцинаар тариулах боломжтой юм.


Хонконгийн оршин суугчид вакцинд үнэгүй хамрагдахаас гадна ямар төрлийн вакцин хийлгэхээ сонгох боломжтой. 

Холбоотой мэдээ