Алтай хотод цэвэр ус дамжуулах туршилтын ажлыг 8 дугаар сард хийнэ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-06-14 20:11:31

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Алтай хотыг ундны цэвэр усаар хангахаар Завхан голоос тус аймгийн тѳв хүртэл ус дамжуулах шугам хоолой татах, дагалдах тоног тѳхѳѳрѳмжийг суурилуулан, ус цэвэршүүлэх станцыг барих зорилгоор хэрэгжүүлж буй "Тайшир-Алтай" тѳслийн туршилтын ажлыг 8 дугаар сард хийнэ.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд тойрогтоо ажиллах үеэр төслийн багийнхантай уулзаж, үйл ажиллагааны нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсан юм. 

-“Уг төсөл хоёр жилийн хугацаанд үргэлжилж дуусах байсан хэдий ч дэлхий нийтийг хамраад буй цар тахлын улмаас хил гааль хаагдсан нь ажлын гүйцэтгэлд сөргөөр нөлөөллөө. Харин ирэх наймдугаар сард нэг сарын хугацаанд туршилт хийх бөгөөд энэ үеэр улсын комисс ажиллана” хэмээн гүйцэтгэгч компанийн зүгээс мэдэгдэв. Түүнчлэн 2050 он хүртэл Алтай хотын хүн амын өсөлтөд нийцүүлж бүтээн байгуулалтын ажлыг өргөн цар хүрээнд төлөвлөн хийж байгаа тухай онцлон хэлж байлаа.

Уг байгууламжийн барилга угсралтын ажил бүрэн дууссан бөгөөд одоогийн байдлаар дотор талын тоноглол, цэвэршүүлэх байгууламжийн угсралтын ажил, ус дамжуулах туршилт хийх бэлтгэлээ ханган ажиллаж буй ажээ.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Тайшир-Алтай” төслийг 2018 онд эхлүүлж шанг татсан билээ. 


Холбоотой мэдээ