Эрх нь зөрчигдсөн 15 нэр дэвшигч хэвлэлийн бага хурал зарлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-06-24 00:49:34

Дархан-Уул аймгийн Ч.Чүлтэмбат, н.Ганзориг, н.Ганбат, н.Даваасүрэн нарын 10 гаруй иргэн аймгийн Сонгуулийн хороо хууль зөрчиж байна гэж үзэж байгаагаа мэдэгдэн мэдээлэл хийлээ.

Иргэн хүнд Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг аль нэг нам хүчинд давуу байдал бий болгох үүднээс хууль бусаар хязгаарлаж байна гэж дээрх иргэд хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэв. Мөн бидний 15 хүний нэр дэвшсэн 9 тойрогт байгаа 30 гаруй мянган сонгогчийн эрх давхар зөрчигдөж байна гэлээ.

Дархан-Уул аймгийн ИТХ-д бие дааж нэр дэвшсэн найм, МАН-аас нэр дэвшсэн долоон хүн нэр дэвшигчийг аймгийн Сонгуулийн Хороо нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсаны улмаас тэдгээр 15 нэр дэвшигч Сонгуулийн хорооны дээрх шийдвэрийг үндэслэлгүй гэж үзээд тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасныг тус шүүх хуулийн хугацаанд нь хянаж үзээд аймгийн Сонгуулийн хорооны тогтоолыг үндэслэлгүй гэж үзээд хэрэгсэхгүй болгосон.

Гэсэн ч аймгийн Сонгуулийн хороо дээрх шүүхийн шийдвэрийг хүлээж аваад гурав хоногийн дотор шийдвэрлэх байтал хуулийн хугацааг зөрчиж олон хоносны дараа хэлэлцээд хуулинд заагаагүй “үндэслэл”-ээр давж заалдах шийдвэр гаргажээ. Давж заалдах шатны шүүх хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээсэн байна. Гэвч аймгийн Сонгуулийн хороо дээрх хоёр шатны шүүхийн шийвэрийг үл биелүүлж эдгээр 15 нэр дэвшигчийн талаар гаргасан шүүхүүдийн шийдвэрийг хэлэлцэхээс татгалзаж ирц бүрдэхгүй байна гэдэг шалтгаанаар хурлаа хоёр хоног хойшлуулсны улмаас дээрх нэр дэвшигчид хэвлэлийн хурал зарласан нь энэ юм.

Сонгуулийн хорооны гишүүд тэдгээр нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэх болонгуут Сонгуулийн хорооныхоо байранд ирдэггүй, утасаа салгаад хариу өгдөггүй, зарим нь даралт ихэдсэн гэж эмчийн чөлөөг гурав хоногоор аваад алга болсон зэрэг нь санаатайгаар зохион байгуулсан үйлдэл гэж шүүмжилж нэгэнт ийм байдал бий болсон учраас тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдлээ. 

                                                                                                                                                       Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ