Нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийг зарлах санаачилга илэрхийлэв

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-06-17 15:21:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын 42 дугаар бага хуралд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан оролцож, “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” зарлах нь ач холбогдолтой гэж үзэн, энэ санаачилгыг ажил хэрэг болгохоор зорьж байгаагаа илэрхийлэв.


Энэ нь дэлхийн хүнсний аюулгүй байдлыг хангах, экосистемийн үр ашгийг хүртэхэд бэлчээрийн оруулах хувь нэмрийг сурталчлах, бэлчээрийн тогтвортой менежмент, нөхөн сэргээлтийг хэрэгжүүлэх, энэ чиглэлд хөрөнгө оруулалтыг нэмэх, тогтвортой хөгжлийг дэмжих ач холбогдолтой аж.


Тэрээр “Дэлхийн улс орон бүр цар тахлыг хохирол багатай даван туулж, эдийн засгийг байгаль орчинд ээлтэй хэлбэрээр сэргээх, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд хүчин чармайлт гаргаж байна. Эх газрын эрс тэс, хуурай уур амьсгалтай, мал аж ахуй эрхэлж ирсэн түүхэн уламжлал, соёлтой Монголын хувьд цар тахлыг хохирол багатай даван туулах, цар тахлын дараа эдийн засгийн сэргэлтийг байгальд хал багатай ногоон хэв загварт шилжүүлэх хувилбар боловсруулж байна. Үүний нэг жишээ нь Засгийн газар хөгжлийн урт хугацааны бодлогодоо “Нүүдлийн уламжлалт өв соёлыг хадгалсан, экологид ээлтэй, органик мал аж ахуйг тогтвортой эрхлэх, нүүдлийн мал аж ахуйн өв соёлыг дэлхий нийтэд таниулах, сурталчлах” зорилт дэвшүүлэн үндэсний хөтөлбөр, төрөөс баримтлах бодлогодоо тусган хэрэгжүүлж байна” хэмээв.


Сайд З.Мэндсайхан, “Бэлчээрийн зохистой ашиглалтыг сайжруулж, дэлхийн хүн амын хүнсний хангамжийг нэмэх, өлсгөлөн, ядуурлыг багасгах, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг органик аргаар үйлдвэрлэж хүн амыг чанартай, эко хүнсээр хангахад “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” санаачилга нь бодит үр дүн, эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа-гаа илэрхийлжээ. 

Холбоотой мэдээ