Цөлжилтийг бууруулахад энэ жил 550 сая төгрөг төсөвлөжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2021-06-17 17:01:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цөлжилтийг бууруулж, газрын доройтлыг сайжруулахад энэ жил улсаас 550 сая төгрөг төсөвлөжээ. Дээрх хөрөнгөөр Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Баянхонгор, Дундговь, Говьсүмбэр аймагт 200 орчим га талбайг хамгаалах ажлыг хийж байна.  

Сангийн яамны санаачилгаар манай улс 2020 оноос НҮБ болон гадаад, дотоодын холбогдох байгууллагын дэмжлэгтэйгээр цөлжилтийг бууруулах, газрын доройтлыг сайжруулах хүрээнд улсын төсвөөс тодорхой хэмжээний санхүүжилтийг шийддэг болсон. 2020 онд 100 орчим га талбайд мод тарьж, хамгаалалтын ойн бүс байгуулж, булаг шандыг хамгаалах, механик хаалт хийж хамгаалах зэргээр ажиллаж иржээ. Дээрх үйл ажиллагаа говийн 6 аймагт хэрэгжиж он дамжин хийж буйг өнөөдөр тохиож буй Цөлжилттэй тэмцэх Дэлхийн өдөр БОАЖЯ-наас мэдээллээ. 




Манай орны нийт газар нутгийн 77 орчим хувь цөлжилт, газрын доройтолд өртөөд байгаа юм. 2016 онд хийсэн судалгаатай харьцуулахад цөлжсөн талбайн хэмжээ нэмэгдээгүй ч хээрийн бүсийн аймгуудад цөлжилт идэвхэжсэн байна. Цөлжилт, газрын доройтол нь байгалийн болон хүний хүчин зүйлээс үүсэлтэй, ихээхэн хамаардаг учир иргэн бүр оршин суугаа газраа боломжоороо мод тарьж, ургуулж, арчлах, мөн тухайн газар нутгийнхаа ургамлыг тарималжуулах нь цөлжилттэй тэмцэхэд үзүүлж буй хүн бүрийн оролцоо хувь нэмэр болно гэдгийг БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газраас уриалж байна. 


Монгол-Хятадын эрдэмтэд талхалсан бэлчээрийг тэжээлийн ургамал

тариалах замаар сэргээж байна


Доройтсон болон хэт талхлагдсан бэлчээр нутгийг байгалийн нөхөн сэргээлтээс гадна тэжээлийн ургамал тариалж сэргээх боломж байна. Манай улсын ШУА-ийн харьяа Газарзүй-геоэкологийн хүрээлэн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Багшийн их сургуулийн эрдэмтэн судлаач нар хамтран талхалсан бэлчээрийг сайжруулах технологийг боловсруулж уг ажлыг нэвтрүүлж байна. Дээрх технологийн гол цөм нь менежментийн аргаар бэлчээр ашиглалтыг нэмэгдүүлэхэд оршиж байгаагаар онцлог аж.  Хоёр орны эрдэмтэн судлаачид Булган аймгийн Гурванбулаг сумыг сонгон дээрх туршилт судалгааг хийж эхэлжээ. Энд бэлчээрийн эрдэм шинжилгээ, туршилт судалгааны төв байгуулан байгалийн нөхөн сэргээлтээс гадна тэжээлийн ургамал тарих технологийг хөгжүүлэх туршилтыг давхар хийж байна.




Манай улсын нийт бэлчээрийн 70 шахам хувь нь тодорхой хэмжээгээр доройтсон, тэр дундаа тал хээрийн бүсэд энэ үйл явц эрчимтэй явагдаж байна. Бэлчээрийг нөхөн сэргээх туршилт судалгааны талбайд үетэн болон буурцагтны овгийн 8 сортын ургамал тариалан бэлчээрийг нөхөн сэргээхэд аль ургамал илүү үр дүнтэй байгааг судлан, цаашид бэлчээрийн төлөв байдлыг сайжруулахад ашиглаж, мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой эрхлэх боломж бий болгохоор зорьж байгаа талаар төслийг хэрэгжүүлж байгаа мэргэжилтнүүд тайлбарлалаа. Энэхүү туршилт судалгаа нь Монгол орны хуурай хээрийн бүсэд хамгийн анх удаа, 30 га талхлагдсан бэлчээрийг нөхөн сэргээх туршилт хийснээрээ онцлог юм гэж ШУА-ийн Геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шижилгээний ажилтан, төслийн удирдагч М.Уртнасан онцолж байна. 


Холбоотой мэдээ