Тэргүүн хамба лам нар хуралдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-06-17 17:33:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Бурхан шашинтны төвийн тэргүүн лам нарын зөвлөлийн хурал болж байна. Хуралд 21 аймгийн сүм хийд, бусад түүхэн уламжлалт хийдийн нийт 34 тэргүүн хамба лам нар оролцож байна. Хурлаар коронавируст халдварын цар тахлын үе дэх сүм хийдийн дотоод зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар ярилцаж, өнгөрсөн хугацааны хүмүүнлэгийн үйл ажиллагаа, бурхны шашныг түгээн дэлгэрүүлэх талаар хийсэн ажлаа танилцуулж байна. 

Мөн цаашдаа бурхны шашин соёлыг төрийн бодлоготой уялдуулан нийтэд түгээн дэлгэрүүлж байх, ингэхдээ соёлын өв, боловсролыг түгээх, байгаль орчноо хамгаалах талаар төрийн хууль дүрэмтэй шашны өв уламжлалыг уялдуулж хэрэгжүүлэх, төр, засаг, иргэдтэй хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцэж буйг Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга н.Одгарьд мэдээллээ. 


Тэргүүн лам нар жилд 2 удаа буюу хавар, намар цуглаж хуралддаг байна. 2017 оноос зөвлөлийн хурлаар ойрын жилүүдэд хийх ажлын төлөвлөгөөг 3 жилээр баталж, хаврын улирлын хуралд тайлагнаж байхаар тогтжээ. 



Байгаль хамгаалах, иргэдийн тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх талаар хамгийн сүүлд Гандантэгчэнлин хийдээс нийслэлийн захиргаатай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулаад байна. Тодруулбал, Гандангийн дэнжийн хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллахаар болсон юм. Гандангийн дэнжийн гэр хорооллын айл өрхийн нүхэн жорлонд ариутгал халдваргүйтгэл, ашигтай бактери хийх ажлыг хамтран зохион байгууллаа. Мөн Гандангийн дэнжид амьдарч буй Баянгол дүүргийн 16 дугаар хорооны 800 гаруй өрхөд хашаандаа мод тарих, цэвэр агаартай, эрүүл орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 5500 шинэс модны суулгац өгчээ.





Холбоотой мэдээ