Тяньжин, Эрээнээс ирэх чингэлгийн тээврийг 2 дахин нэмэгдүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-06-18 18:29:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Тяньжин боомтод саатаад байсан манай улсын импортын бараа, бүтээгдэхүүний 3162 чингэлгийн эхний ээлжийн 943 чингэлгийг Замын-Үүд өртөөнд хүлээн аваад байна. 


Тодруулбал, БНХАУ-ын ӨМӨЗО-ны хилийн Эрээн өртөөнөөс 6 дугаар сарын 9-17-нд буюу өнгөрсөн 9 хоногийн хугацаанд импортын чингэлгийн 18 галт тэрэг хүлээн авсан талаар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс мэдээллээ. Ингэснээр энэ оны 6 дугаар сарын 8 хүртэл Тяньжин боомтоос хоногт импортын чингэлгийн 1 галт тэрэг хуваарийн дагуу тогтмол илгээдэг байсныг 2 дахин нэмэгдүүлээд байна.

Мөн Эрээн өртөөнөөс өнгөрсөн 7 хоногт автомашинаас вагонд шилжүүлэн ачсан 125 вагон ачаа орж ирснээс энэ сарын 16-нд 41, 17-нд 33 вагон орж ирэв. Үүнийг өмнөх өдрүүдтэй харьцуулахад тээвэрлэлт 2 дахин нэмэгдээд байгааг ЗТХЯ-наас мэдээллээ. 




УОК-ын даргын энэ оны 6 дугаар сарын 8-ны өдрийн тушаалаар коронавирустцар тахлын улмаас удааширч буй Замын-Үүд-Эрээн чиглэлийн улс хоорондын ачаа тээврийн эргэлтийг эрчимжүүлэхээр ажиллаж байна. Тодруулбал, БНХАУ-ын Тяньжин боомтод Монгол Улс руу ирэхээр хүлээгдэж буй чингэлгийн эрчмийг сайжруулах, тээвэрлэлтэд үүсэж буй хүндрэл саатлыг арилгах, нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий Шуурхай бүлгийг ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяраар ахлуулан байгуулаад байгаа юм. 




ГХЯ, ЗТХЯ, МХЕГ, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрын холбогдох хүмүүсээс бүрдсэн Шуурхай бүлгээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд БНХАУ-ын Тяньжин боомтод саатаж байсан чингэлгүүдийн эхний ээлжийг ийнхүү Замын-Үүд өртөөгөөр хүлээн аваад байна. 


Холбоотой мэдээ