Хөл хорио тогтоох асуудлыг Онцгой комиссын дараагийн хуралдаанаар шийдвэрлэнэ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2021-06-20 00:47:34

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Онцгой комисс өнөөдөр ээлжит 19 дүгээр хуралдаанаа хийж, коронавирусний халдварын нөхцөл байдлыг хэлэлцсэн байна.

Тус аймагт сүүлийн үед ковид-19 халдварын дэгдэлт эрчээ авч, Улаанбаатар хот болон болон бусад бүс нутгаас зөөвөрлөгдсөн 59, дотоодын халдвар 70, нийтдээ 129 тохиолдол бүртгэгдээд байгаа. Үүнтэй холбогдуулан аймгийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар хөдөлгөөний хязгаарлалт хийх асуудлыг аймгийн Онцгой комиссод тавиад байсан юм.

Онцгой комиссын хуралдаанд аймгийн Засаг дарга Д.Бауыржан Улаанбаатар хот болон бусад голомтод бүс нутгаас ирэх зөвшөөрөгдсөнөөс бусад иргэд, тээврийн хэрэгслийн орох, гарах хөдөлгөөн, зөвшөөрөгдсөнөөс бусад ажил үйлчилгээг энэ сарын 23-ний өдрийн 06:00 цагаас эхлэн 30-ны өдрийг дуустал 7 хоногийн хугацаагаар  хязгаарлах санал оруулжээ. 

Мөн тус хуралдаанаар тандалт судалгаа, вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэх, тусгаарлах ажлын багийг хариуцах, ачаа тээврийн хөдөлгөнийг зохицуулах зэрэг ажлын хэсгүүдийг байгуулсан бөгөөд эдгээр ажлын хэсгүүд, мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн хөл хорио тогтоох асуудлыг аймгийн Онцгой комиссын дараагийн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэхээр тогтсон байна.


"Ажлын хэсгүүд маргааш орой /2021.06.20/ хүртэл надад саналаа оруулна. Мөн өдрийн орой, эсвэл 21-ний өдрийн өглөө аймгийн Онцгой комиссын хуралдааныг хийж хөл хорио тогтоох асуудлаар эцсийн шийдвэр гаргана" гэж аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Д.Бауыржан хэлэв.


Зөвшөөрөгдсөн зорчигч, ажил үйлчилгээ, тээврийн талаарх мэдээллийг доор оруулав.

Зөвшөөрөгдсөн зорчигч:

-Эрүүл мэндийн 13А, Б маягт;

-Буяны ажил /аав, ээж, төрсөн ах дүү, үр хүүхэд буюу нэгдүгээр үеийн төрөл садан/;

-Үндсэн хаягтаа ирэх, буцах;

-Үндсэн ажлын байрандаа очих, ирэх.

 

Зөвшөөрөгдсөн ажил үйлчилгээ:

-Мал аж ахуй;

-Газар тариалан;

-Хүнсний ногоо, жимс тариалах;

-Уул уурхай, газрын тосны ашиглалт;

-Барилга, зам, эрчим хүч, харилцаа холбооны бүтээн байгуулалт, засвар арчлалт.

 

Зөвшөөрөгдсөн тээвэр:

-Хүнс;

-Эм, эмнэлгийн хэрэгсэл;

-Шуудан карго;

-Барилгын материал;

-Шатахуун, тос тосолгооны материал;

-Уул, уурхайн бүтээгдэхүүн;

-Техник, тоног төхөөрөмж сэлбэг хэрэгсэл;

-Цахилгаан бараа, гэр ахуйн тавилга;

-Мал амьтны тэжээл;

-Мал, мах.


Холбоотой мэдээ