“Ялагчдын цуваа” олон улсын нэг хүний жүжгийн фестиваль болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2021-06-22 18:58:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Ялагчдын цуваа-Улаанбаатар” олон улсын нэг хүний жүжгийн фестивалийг энэ жил Соёлын яамны ивээл дор хүүхэд залуусын соёлын боловсролд хувь нэмэр болохоор анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулж байна.

 

Монголын Моно жүжгийн төв 2015 оноос Нийслэлийн Соёл, урлагийн газар, Соёлын яамны ивээл дор Улсын Драмын Эрдмийн Театр, Соёл Урлагийн Их Сургууль, Хүүхэлдэйн театр, 49-р гудамж театртай хамтран Монголын драмын урлагийг дэлхий дахинд сурталчлах, залуу уран бүтээлчдийн ур чадварыг хөгжүүлэх, олон улсын тайзнаа өрсөлдөх чадамжийг дээшлүүлэх зорилгоор амжилттай зохион явуулж ирсэн. Тус төв жил бүр үндэсний ялагчийг тодруулж, тухайн жилд болох “Ялагчдын цуваа” олон улсын фестивальд оролцож, эх орноо төлөөлөн олон улсын уран бүтээлчидтэй өрсөлдөх боломжийг олгодог уламжлалтай.

 

Энэ удаагийн улсын уралдаанд түрүүлсэн “Black box” театрын жүжигчин Г.Мөнхжаргал Самуэл Бэккетийн “Крапын сүүлчийн бичлэг”, Төв аймгийн “Монгол туургатан” театрын жүжигчин Р. Янжиндулам, Б.Батдэлгэр “Би хэн бэ” жүжгээрээ, Анатол Гузик “Ади” жүжгээр Молдав улс, Пиотр Кондрат “Шекспирийн шөнө” жүжгээр Польш улс, Ауримас Пинтулис “Сомерын түүх” жүжгээр Литви улс, Гжоржи Жолевски “Крапын сүүлчийн бичлэг” жүжгээр Македони улс, Татьяана Казановски “Яруу найраг” жүжгээр Израил улс, Ксениа Боёко “Триптич” жүжгээр ОХУ-ын жүжигчидтэй өрсөлдөж байна.

 

Фестивалийн шүүгчдийн бүрэлдэхүүнд ХБНГУ-ын театр урлагийн институтийн гишүүн, ЮНЕСКО-гийн Театр урлагийн институтийн моно жүжгийн форумын ТУЗ-ийн гишүүн, урлаг судлаач, шүүмжлэгч Нина Мазур, УДЭТ-ын жүжигчин О.Гэрэлсүх, Румыны Баковиа театрын жүжигчин, “Баковиа фест монодрама” фестивалийн үүсгэн байгуулагч жүжигчин, шүүмж судлаач Элиза Наоми Жудэу нар ажиллахаар уригдаад байна.

 

Дэлхийн 9 улс оролцсон 8 бүтээл “Гран при” шагналд хүч үзэхэд бэлэн болжээ. Уралдааныг энэ  сарын 24-нийг хүртэл  “The Parade of Winners” пэйж хуудсаар хүлээн авч үзэх боломжтой.







Холбоотой мэдээ