Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ОХУ-д айлчилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2021-06-23 14:52:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ОХУ-д айлчилж байна.


Тэрбээр Москва мужид байрлах “Патриот” цэргийн соёл амралтын хүрээлэнд Аугаа их Эх орны дайн дахь Монгол Улсын оролцоог харуулсан уран баримлын нээлтийн ёслолд өчигдөр оролцсон байна.


Энэ үеэр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу, “Өнөөдөр бид Аугаа ялалтыг байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол болон Хятадын анд нөхдөд зориулан эхний хоёр уран баримлыг нээж байна. Дараа дараагийн жилүүдэд “Нормандия-Неман” Францын нисэхийн хороо, Аляскаас Сибирь рүү нисэх онгоц авч ирж байсан Америкийн нисгэгч нарт болон ялалт байгуулахад тусалж, дэмжиж байсан бүхэнд зориулж уран баримал байрлуулах болно” гэв. 


Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, “Аугаа их Эх орны дайны турш 800 мянгаас ихгүй хүн амтай Монгол Улс “Бүхнийг фронтын төлөө, бүхнийг ялалтын төлөө” уриан дор бүх боломжоо дайчлан Зөвлөлтийн ард түмэнд тусалсанд бид ахмад үеийнхнээрээ бахархах сэтгэл төрж байна. Зөвлөлтийн ард түмэнд бэлэглэсэн монгол морьд эр цэргүүдийн хамтаар Берлин хүрсэн байдаг. 2017 онд бид Москва хотын Хүндэтгэлийн дэнж дээр дайны он жилүүдэд Монгол морьдын гаргасан агуу их хөдөлмөрийг харуулсан “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөг байршуулсанд бид гүнээ талархаж явдгаа ОХУ-ын төр засагт дахин илэрхийлж байна” хэмээв.


Мөн энэ үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгутай чөлөөт ярилцлага өрнүүлж, бусад төлөөлөгчдийн хамтаар уран баримлын нээлтэд зориулсан хүндэтгэлийн тоглолт үзэв.

Холбоотой мэдээ