Засаг дарга Д.Бауыржан иргэдийг зусланд гарахыг уриалав

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2021-06-23 17:28:13

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан өнөөдөр цаг үеийн асуудлаар иргэдэд мэдээлэл өглөө.

Тэрээр мэдээлэлдээ, "Өнгөрсөн бямба гарагт аймгийн Онцгой комиссын 19 дүгээр хуралдааныг хийсэн. Хуралдаанаар энэ сарын 23-наас эхлэн 7 хоног хөл хорио тогтоох асуудлыг хэлэлцэж Улсын Онцгой комисст уламжилсан. Харамсалтай нь Улсын Онцгой комисс зөвшөөрөөгүй. Учир нь, нэгдүгээрт манай аймаг Монгол Улсын 21 аймаг дотор өвчлөл хамгийн бага бүртгэгдсэн аймаг. Хоёрдугаарт, эдийн засгийн асуудал байгаа. Хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, хавдартай, архаг хууч өвчтэй хүмүүсийг вакцинжуулах ажил үргэлжилж байна. Энэ ажлын ард нь гарахгүйгээр хөл хөдөлгөөнийг зогсоохгүй. Гуравдугаарт, хүмүүс зусланд, аялалд гарч байгаа. Эдгээр хүмүүсийн зохион байгуулсан ажлыг хойш нь тавьж болохгүй гэсэн. Дэглэмээ сахиулж, иргэдийг вакцинжуулалтад хамруул гэдгийг удаа дараа хэлж байгаа" гэв.


Түүнчлэн аймагт коронавирусний халдварын 160 гаруй тохиолдол бүртгэгдсэн, архаг суурь өвчтэй 2 хүн нас барсан, аймгийн ЗДТГ-аас хүртэл халдварын тохиолдол бүртгэгдсэн гэдгийг онцоллоо.


Аймагт халдварын нөхцөл байдал хүндэрч байгаа тул энэ сарын 25-ныг хүртэл бүх иргэнийг зусланд гарга гэсэн үүрэг даалгаврыг бүх сумын Засаг дарга нарт өгсөн. Халдвар битүү орчинд маш их тардаг. Ард иргэд үүнд анхаарч, хүүхдүүдээ хамгаалж зусланд гараарай гэсэн хүсэлтийг тавьж байгаа. Түүнээс гадна хотоос ирсэн ах дүү, хамаатан, садан, ойр дотнын хүмүүсээ 7 хоног эсгий гэртээ тусгаарлахыг уриалж байна хэмээлээ. 

Холбоотой мэдээ