“Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” нэгдсэн аян өрнүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2021-06-24 16:48:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЦЕГ, ТЦА-наас орон нутгийн замд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийг зам тээврийн ослоос хамгаалах зорилгоор “Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” нэгдсэн аяныг “Ирээдүйгээ хамгаалъя” уриатайгаар энэ сарын 25-наас эхлэн зохион байгуулна.


Улсын хэмжээнд 45 хоног үргэлжлэх уг аяныг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж дэмжиж байгаа бөгөөд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд төр, хувийн хэвшил, аж ахуйн нэгж, байгууллагууд нэгдэн иргэдийн амь нас, аюулгүй байдлыг хангахад хамтран ажиллаж байгаа юм. Тухайлбал, “Оюутолгой” ХХК гурав дахь жилдээ санхүүжүүлнэ.


ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баттулга, “Цагдаагийн ерөнхий газраас жил бүр автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг, зөрчлөөс иргэдээ урьдчилан сэргийлэх зорилгоор томоохон аян зохион байгуулсан нь үр дүнд хүрч, иргэд талархалтай ханддаг болсон. 2019, 2020 онд “Яараад яахав-1, 2”, “Дураараа биш дүрмээрээ” аян зохион байгуулахад хугацаанд зам тээврийн осол 40,6-50,8 хувиар, гэмтсэн иргэн 30,5-49,7 хувиар, нас барсан иргэн 10,0-11,7 хүртэл хувиар буурсан.


Мөн "КОВИД-19" цар тахлын улмаас 2020 оноос хойш дотоодын аялал эрс нэмэгдсэн бөгөөд энэ онд мөн адил ихсэх төлөв байгаа юм. Аяны хүрээнд Дорноговь аймгийн Сайншанд-Замын-Үүдийн олон улсын чанартай автозамд дундаж хурд хэмжигчтэй хяналтын камер суурилуулж, нийслэлд “Ухаалаг гарц” төслийг ачаалал ихтэй гурваас дөрвөн газар хэрэгжүүлхээр төлөвлөөд байна” гэв.


Энэ  оны  эхний  5 сарын байдлаар улсын хэмжээнд хөдөлгөөний  аюулгүй  байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 247 бүртгэгдсэн ба зам тээврийн ослын улмаас насанд хүрсэн 62 хүн нас барж, 207 хүн гэмтсэн байна. Мөн 98 хүүхэд гэмтэж 10 хүүхэд нас барсан байна.  

Д.Урансолонго

Холбоотой мэдээ