ТИКА-гийн Улаанбаатар дахь хөтөлбөрийн зохицуулагч “Найрамдал” медалиар шагнагдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2021-06-25 10:09:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Туркийн хамтын ажиллагааны зохицуулах агентлаг (ТИКА)-ийн Улаанбаатар дахь хөтөлбөрийн зохицуулагч Эмрах Устаомерыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Найрамдал” медалиар шагнав.


Медалийг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр гардуулжээ. Тэрбээр, Монгол, Туркийн харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ноён Эмрах Устаомер үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцолж, хоёр орны найрамдалт харилцаа цаашид улам бүр бэхжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.


Ташрамд дурдахад, “Найрамдал” медалийг Монгол Улсаас гадаад оронтой тогтоосон улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан гадаадын иргэнд олгодог аж.


Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА) нь Монгол Улсад үйл ажиллагаагаа анх 1994 онд Түрэгийн үеийн хөшөө дурсгалгалыг хадгалж хамгаалах (MOTAP) төслөөр эхлүүлсэн билээ. Мэргэн Тоньюкукын хөшөө дурсгал нь Туркийн түүхэнд онцгой байр суурь эзэлдэг бөгөөд чухал ач холбогдолтой юм. Иймээс хөшөө дурсгал байрлаж буй газарт төрөл бүрийн хээрийн судалгаа хийгдсэн бөгөөд Монгол-Туркийн мэргэжилтнүүдээс бүрдсэн баг археологийн малтлага судалгаа, сэргээн засварлах ажлыг ТИКА-ийн удирдан зохион байгуулсан. 2001 онд Туркийн түүх, соёлын хувьд асар их ач холбогдолтой археологийн олдворуудыг гарган сэргээн засварласан бөгөөд одоо хүртэл Монголын Үндэсний түүхийн музейн Түрэг соёлын өвийн үзэсгэлэнгийн танхимд хадгалагдаж байна. ТИКА-ийн Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулах газар нь 2004 онд албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд түүнээс хойш Монгол Улсад хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн цар хүрээ улам өргөжин тоо хэмжээ нь ч мэдэгдэхүйц нэмэгдсэн. 


Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжил, манай улстай эдийн засаг, худалдаа, техник, соёлын харилцааг хөгжүүлэх чиглэлээр олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхийн сацуу ялангуяа боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, мал аж ахуй, төрийн албаны чадавхийг бэхжүүлэх салбар хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр нь улам бүр нэмэгдсээр байна. Нийтлэг соёлын үнэт зүйлийг хамгаалах асуудалд тусгайлан ач холбогдол өгч ажиллаж байна.  


ТИКА-ийн зүгээс 2004 оноос албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж ирснээс өнөөг хүртэл нутгийн удирдлагын байгууллагууд, дүүргүүд, төрийн болон  төрийн бус байгууллагуудтай хамтран 700 давсан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна. Монгол орны дөрвөн зүг найман зовхист хэрэгжүүлсэн эдгээр төсөл хөтөлбөрийн төсөв нь 50 сая ам.доллар орчим юм.

Холбоотой мэдээ