Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар сонгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-06-25 10:35:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-ын XI Бага хурал өнөөдөр 8.00 цагт хуралдаж, Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар сонгосон байна.


Тодруулбал, тус намын даргаар ажиллаж байсан У.Хүрэлсүх энэ сарын 9-нд болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн дүнгээр Төрийн тэргүүнээр сонгогдсон. Улмаар өнөөдөр 11.40 цагт тангараг өргөх юм. Ерөнхийлөгч нь Ерөнхий сайд, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй бөгөөд хэрэв өөр ажил, албан тушаал эрхэлж байгаа бол Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн өдрөөсөө эхлэн уг ажлаасаа чөлөөлөгдөх хуулийн заалттай юм.


Энэ дагуу МАН-ын Бага хурлаар У.Хүрэлсүхийг намын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж, Л.Оюун-Эрдэнийг сонгосон байна.


Энэ үеэр МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ улс төрийн намууд авлигалаас, төр нь хүнд суртлаас ангид байх боломжийг бүрдүүлэхийн төлөө зорьж ажиллахаа илэрхийлсэн байна. Мөн МАН хүний эрхийг дээдлэх, хүмүүнлэг ардчилсан нийгмийг бий болгох, залуучуудыг дэмжих, тэгш боломоор хангах зорилт дэвшүүлж байгааг тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэв.

Холбоотой мэдээ