Хүлэмжийн аж ахуй эрхлэгчид бүтээгдэхүүнээ танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-06-24 17:04:27

Хүлэмжийн аж ахуй эрхэлж буй аж ахуйн нэгж, бүлэг хоршооны гишүүдийн хүнсний ногооны борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх, тогтвортой байнгын сувагтай болгох, худалдан авагчдад таниулж, өөрсдийн үйлчлүүлэгчтэй болгоход туслах зорилго бүхий “Хүлэмжийн ургацын шинэ ногооны амт” үзэсгэлэн худалдаа өнөөдөр нээлтээ хийв.

Барилгачдын талбайд 3 хоног үргэлжлэх уг үзэсгэлэн худалдааг “Глобал Коммунитс” олон улсын байгууллага, “Монголын Хүлэмжийн Аж Ахуй Эрхлэгчдийн Холбоо” хамтран зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаанд хүлэмжийн аж ахуй эрхэлж буй 30 гаруй байгууллага оролцож, улаан лооль, өргөст хэмх, бууцай, юуцай, шанцай зэрэг хүлэмжинд тариалдаг бүх төрлийн хүнсний ногоогоо танилцуулж байна.

Үзэсгэлэн худалдааны нээлтийн үеэр ХХААЯ-ны ахлах мэргэжилтэн Ж.Төмөрхуяг, “2013 оноос хойш Засгийн газар Чингис бондын санхүүжилтээр хүлэмжийн аж ахуй эрхлэгч 30 гаруй аж ахуйн нэгжид нийт 25.8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. Чингис бондын хөрөнгөөс санхүүжилт авсан аж ахуйн нэгжүүд өнөөдөр үр дүнгээ танилцуулж болно. Дээрх байгууллагууд гадаадаас хүнсний ногооны шинэ сорт, тоног төхөөрөмж оруулж ирэн, нийт 10.2 га талбайд тариалалт хийж байна” хэмээв.

Үзэсгэлэнд оролцогч Г.Шүрэнцэцэг, “Би Салатны навчны 8 төрлийн ургамал тариалдаг. Хүнсний ногоогоо автомат үйл ажиллагаа бүхий Япон технологи ашиглан усан тариалалтын аргаар 100 хувийн хаягдалгүй тариалж байна. Гадаа хөрсөнд тариалах уламжлалт аргатай харьцуулахад усалгаанд зарцуулах усны хэмжээ 100 дахин бага, байгаль орчинд сөрөг нөлөөгүй. Гаднах орчноос бүрэн тусгаарлагдсан тул хөрсний бохирдол, ургамлын өвчлөл зэрэг эрсдлээс бүрэн сэргийлэгдсэн. Хүнсний ногоо тогтмол хэрэглэх нь эрүүл мэндэд тустай учир өргөнөөр хэрэглэхийг уриалж байна” гэлээ.

Г.Уранчимэг

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ