“e-Mongolia” 3 сая дахь үйлчилгээгээ амжилттай үзүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2021-06-25 14:47:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia” 3 сая дахь төрийн үйлчилгээг иргэдэд амжилттай үзүүллээ.


Тус систем нь 2020 оны 10 дугаар сарын 1-нд олон нийтэд танилцуулагдсанаас хойш өдгөө давхардсан тоогоор 2.5 сая хэрэглэгчтэй болсон бөгөөд төрийн 50 гаруй байгууллагын 527 үйлчилгээг цахим нэг цонхонд нэгтгээд байна.

 

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас 2021 онд төрийн 592 үйлчилгээг “e-Mongolia” системд нэгтгэхээр зорьж байгаа бөгөөд тун удахгүй улсын бүртгэлийн багц 30 үйлчилгээ “e-Mongolia” -д оруулахаар хөгжүүлэлтийн ажил хийгдэж байна. Тус үйлчилгээнүүд цахимжсанаар “e-Mongolia” системд орж, цахимжсанаар иргэн гар утаснаасаа компаниа байгуулж, шилжилт хөдөлгөөнөө бүртгүүлэх боломжтой болох юм.

 

Иргэн бүр нийслэлийн төв цэгээс төрийн бүх цахим үйлчилгээний үр өгөөжийг хүртэх ёстой гэдэг үүднээс Төв шуудангийн 1 давхрыг “e-Mongolia” иргэд, олон нийтэд заавар, зөвлөгөө, тусламж үзүүлэх төв болгон шинэчилж, түүнд Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийг байрлууллаа. Өөрөөр хэлбэл, Төв шуудангийн 1 давхарт иргэн төрийн байгууллагын талаар санал, хүсэлт шүүмжлэл, гомдол, талархлыг биечлэн хүргэж болохоос гадна “e-Mongolia” системээр нэвтрэх, үйлчилгээ авах талаар туслалцаа авч болох юм.

 

Мөн төрийн үйлчилгээг цахимаар авах заавар, зөвлөгөө, туслалцаа үзүүлэхээр 6 дугаар сарын 11-ний өдрөөс 6 ;euggj сарын 25 өдрийг хүртэл “e-Mongolia” явуулын автобус нийслэл хотын алслагдсан дүүрэг, хороодын иргэдэд хүрч ажиллажээ. Цар тахлын нөхцөл байдал сайжирмагц хөдөө, орон нутгийн иргэдэд хүрч, ажиллахаар төлөвлөж байгаа аж.

 

Төрийн цахим шилжилтийг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх үүднээс хууль эрхзүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна. Тодруулбал, УИХ-ын хууль зүйн байнгын хорооны 6 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг тус, тус хэлэлцэн дэмжиж, УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Холбоотой мэдээ