“Боловсон” Даваагийн боловсролтой охин

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2021-07-09 15:46:40

Увс /МОНЦАМЭ/. “Багш хүнийг лаатай зүйрлэвээс тэд бусдыг гэрэлтүүлэхийн төлөө өөрийгөө зориулдаг юм” гэх онч үгийг оршил болгохуй дор хорвоо дээр хариу нэхдэггүй өглөгч нь багш хүн ажээ. Увс аймгийн боловсролын салбарт багш, хичээлийн эрхлэгч, менежер, захирал хүртэл дэвшин 34 жил үр бүтээлтэй ажилласан Даваагийн Туяа хэмээх мэргэшсэн удирдагч бүсгүйн ажил, амьдрал баялаг хэрнээ, гэгээлэг түүхтэй. Увс аймгийн боловсрол хэмээх их айлын үүдийг гэрэлтүүлж, түүхийг бүтээлцсэн энэ нямбай бүсгүй өдгөө азай буурал ээж, халамжит ханийхаа хайр, олон зуун шавь нарынхаа бахархал, хамт олныхоо хүндэтгэл дунд аз жаргалтай аж төрж сууна.

Тэрбээр 1964 онд Улаангом хотноо Аюурын Даваагийн 3 дахь охин болон төржээ. Арван хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүлд өссөн Д.Туяа олон дүү нараа асрахаас эхлээд гэрийн бүхий л ажилд ээждээ тусалдаг охин байсан. Энэ талаар “Миний охин гэр эргэсэн даруухан охин байсан, хэдэн дүү нараа хүн хийсэн дээ” гэх ээжийн дурсамж түүнийг багаасаа л тусч, хөдөлмөрч, ажилсаг хүүхэд байсныг хэлээд өгнө.

Аав А.Даваа нь Чандмань, Цагаанхайрхан сумын Намын үүрийн дарга, аймгийн Эвлэлийн хороонд зааварлагч, Хэлтсийн дарга, аймгийн Намын хорооны боловсон хүчний тасгийн эрхлэгчээр ажиллаж, тэр үеийн аймгийн боловсон хүчний бодлогыг амжилттай авч явсан гавьяатай. Ард олондоо “Боловсон” Даваа хэмээн нэрлэгдсэн чамбай хүн байжээ. Ээж Мягмарын Цэрэн нь Худалдаа бэлтгэлийн трестэд тогооч, үйлчлэгчээр ажиллаж байсан хөдөлмөрч буурай өдгөө үр хүүхдүүдэдээ түшиг тулгуур болсоор байна.

Боловсролын салбарт Багш, Менежер, Захирал Туяа гэх нэрийн хуудсыг зүтгэлээрээ бүтээсэн түүний ажил, амжилтад ачлалт эцэг, эхийнх нь сургаал нөлөөлсөн гэдгийг яриан дундаа үе үе хэлнэ. Зөвхөн Туяа гэлтгүй тэдний эгч, дүүс хөдөлмөрч ээж, зарчимч аавынхаа хатуу хэрнээ онож хэлдэг байсан сургаалын үгсээр зангилагдаж, эрүүл саруул, зөв хүмүүжлээр өсөн торнижээ. Том эгч Д.Алтанцэцэг нь багш мэргэжилтэй, дүүгийнхээ удирдлага дор нэг сургуульд хамт ажиллаж байсан нандин дурсамжтай. Мөн удаах эгч Д.Ичинхорлоо нь барилгын техникч мэргэжилтэй, дүү Д.Нямхүү нь Аж үйлдвэрийн Төрийн нарийн бичгийн дарга, ХНХ-ын дэд сайдаар ажиллаж байсан, ажил хөдөлмөрөө үнэлүүлэн Аж үйлдвэрийн гавьяат ажилтан болжээ. Аюурын Даваагийн хүүхдүүд эцэг эхийн сайн хүмүүжил, эзэмшсэн мэргэжлээ ашиглан, зөв замаар ажиллаж, амьдарч эхнээсээ гавьяаныхаа амралтад суусан ба аав, ээж, эгч, дүүсийн хамт нэг гэр бүлийн 7 хүн төрийн дээд Алтангадас одонгоор энгэрээ мялааж, төр засагтаа хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлээд байна.

Эмэгтэй хүний амьдралд тулах багана, үнэнч сонсогч, зөвлөгч нь сайн хань байдаг. Түүний ханийг Ж.Буянтогтох гэдэг. Тухайн үеийн ХАА-н техник мэргэжлийн сургууль буюу өнөөгийн Улаангом Политехник коллеж болон өргөжих хүртэл инженер багш, хөдөө аж ахуйн тэнхимийн эрхлэгч, дэд захирал, захирал, аж ахуйн албаны менежер зэрэг албан тушаалуудыг хашиж байгаад гавьяаныхаа амралтад суужээ.  Сонины тасархайг ч хаялгүй уншиж суудаг ханьтайгаа эрдэм номоор холбогдож ханилсан түүхтэй. “1988 онд Улаангом сумын “Аварга багш-аар шагнуулах үед нь анх харж, тэр үеэс хойш тасралтгүй 2 жил араас нь гүйсний дараа эхнэрээ болгосон доо” гэх ханийх нь яриа энгийн хэрнээ үнэ цэнтэй сонсогдоно. Завгүй амьдарсан он жилүүдэд нэгнээ хүндлээд, ажлаас нь чангааж байсан удаагүй, ойлгож дэмжсээр ирсний дээр 2 хүү, нэг охиноо өсгөн хүмүүжүүлэн, эрдэм боловсролтой болгожээ. Боловсролтой эцэг, эхээ дуурайн хүүхдүүд нь улс, аймгийн чанартай олимпиадад амжилт гаргаж байсан бол өдгөө их сургуулиа амжилттай дүүргэн, мэргэжлээрээ ажиллаж, сайн сайхан амьдарч явна.

Эгч нарынхаа итгэлт дүү, дүү нарынхаа үлгэрлэл болсон Д.Туяа охин 1971 онд 7 нас хүрээд Улаангом хотын бага сургуульд Түвшиний Сувдаа багштай 1в ангид элсэн суралцах үедээ ангийнхан дундаа насаар бага ч сурлагатайд тооцогддог байжээ. Дөрөвдүгээр ангидаа 1-р 10 жилийн сургуульд шилжин суралцсан хэрсүү охин чадварлаг багш нарын удирдлага дор 1981 онд 10-р ангиа онц дүнтэй төгсөж байв.

Улмаар МУИС-ийн физикийн ангид урилгаар суралцжээ. Их сургуулийн ангийнхан дотроо “Увсын Туяа” гэгдэхийн дээр үеийн найз Ц.Батсүх, Р.Орших нартайгаа “Увсын гурав” хэмээгдэж явсан удаатай. 1985 онд багш дутагдалтайн улмаас Засгийн газрын тогтоолоор их сургуулийн ангиараа багшлах ажилд томилогдоход Улаангом сумын 10 жилийн 1-р сургуульд физикийн багшаар ажиллах боломж олдсон нь мэргэжлийн хувьд туршлага, дадлага болжээ. Дараа жил нь буюу 1986 онд гурваар сүлжсэн урт үстэй, гоолигхон, даруухан шар охин их сургуулиа төгсөөд, дипломоо өвөртлөн нутагтаа ирж, Улаангом сумын 10 жилийн 1-р сургуульд физикийн багшаар их эрдмийн аянаа эхлүүлжээ.

Шинэ залуу багш 6-р анги дааж авсан ч жилийн дараа “Аймгийн Тэргүүний ХЗЭ-ийн үүр-9в анги”-ийг сурагчдынх нь саналаар удирдаж, тус ангийг 1988 төгсгөжээ. Арван жилийн 1-р сургуульд багшлах хугацаандаа Г.Батсүх, Энхжаргал, Цэцэгмаа, Алтанцэцэг, Даваагомбо, Эрдэнэсүрэн зэрэг чадварлаг багш нартай гар нийлэн ажиллаж, тухайн үед 10-р ангийн 8 бүлгийг төгсгөхдөө олон сурагчийг олимдиадад бэлтгэх, сурлагын хоцрогдлыг арилгах, масс сургалтыг сайжруулахад гол анхаарлаа хандуулж байсан аж.

Түүний төгсгөсөн анхны 10-р ангийн хүүхдүүд төлөвшилтэй, сурлага сайтай сурагчид байжээ. Ангийн даргаар Х.Тэрбиш, Эвлэлийн үүрийн даргаар н.Оюунгэрэл гээд хожмоо аймаг, орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулсан мундаг шавь нар олноор төрөн гарчээ. Мөн гарын шавь нараас нь дурдвал А.Идэрбат, Г.Тамир, А.Батболд, А.Ганболд, М.Итгэл. Д.Оюунчимэг гээд олон шавь нар нь аймаг, улсын хэмжээний олимпиадад амжилт гаргасан төдийгүй багшийн мэргэжлээ өвлүүлсэн шавь нар нь Увс аймгийн сургууль, цэцэрлэгүүдэд багш эрхлэгч, захирал, менежерээр ажиллаж байна.

1988 онд Улаангом сумын 10 жилийн 3-р сургуульд анхны физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг дааж ажиллах том үүрэг иржээ. Мөн л хариуцсан ангиа сайн удирдаж, шавь нараа зөв замд нь хөтөлсөн гээд багш мэргэжлээрээ 12 жил ажиллахдаа 4 удаа 10-р ангийг дааж төгсгөжээ. Ажиллахын зэрэгцээ Боловсрол судлалын магистрын зэргээ хамгаалж, 2002 онд Удирдлагын академийг төгсөөд “ЕБС-ийн хөгжлийн төлөвлөлтийг боловсронгуй болгох арга замаас” сэдвээр дипломын ажил бичих зэргээр мэргэжлийн хүрээнд өөрийгөө ахиулахад анхаарч байлаа. Мөн Залуу багш нарын ур чадварын уралдаанд 1986, 1993 онд 1-р байр, 1995 онд сургуульдаа 1-р байр, аймагт 2-р байр, 1987 онд аймгийн физикийн ажил мэргэжлийн аварга багшаар шалгарч байжээ.

Түүний шавь нар дотоод болон гадаадын улс оронд ажиллаж, нийгмийн бүхий л салбарт ажил, хөдөлмөрөөрөө манлайлж байгаад багш хүний хувьд бахархаж явдаг. Нээрээ л амьдралын нугачаанд номын мөртэй хүн төрүүлсэн шавь нар, ижилдэн дассан хамт олноороо хүрээлүүлэн жаргал, зовлонгоо хуваалцаж явдаг нь сайхан. Хааяа шавь нар маань багшаа гээд зориод ирэхэд нь баярлах, бахархах сэтгэл төрдөг гэнэ.

Зорилго өөд тэмүүлсэн он жилүүдэд Даваагийн Туяа олон чадварлаг шавь нарыг бэлтгэх, амьдралд нь номын гэрэл асаахын дээр Увс аймгийн боловсролын салбарыг хөгжүүлэх, сургалтын чанарыг ахиулахын төлөө хичээж байсан нь санаачлан хэрэгжүүлж, гар бие оролцож байсан олон ажлаас нь харагдана.

1992 онд 3-р 10 жилийн сургуульд П.Лхагвасүрэн, С.Буянбадрах багш нарын хамт “Сургууль доторх Сургууль” байгуулах ажилд идэвхийлэн оролцож сургуулийн том бүтцийг задлах, хүүхэд нэг бүртэй тулж ажиллах зорилго тавин ажилласан байна. Ингэснээр төгсөгчдийнх нь 90 гаруй хувь нь их, дээд сургуульд элсэн суралцсан аж.

Улмаар сургуулийн түүхийн музейг байгуулан аймагтаа 2-р байрт орж байсан зэрэг шижигнэсэн амжилттай дурсамжууд түүнд олон бий. Амжилтын төлөө зорилготой тэмүүлсэн хэн бүхэн өөдлөн дэвждэг учиртай. Энэ жишгээр 1997 онд Улаангом сумын 10 жилийн 3-р сургуульд хичээлийн эрхлэгчээр дэвшин ажилласан бол 2000 оноос сургуулийнхаа захирлын удирдах албыг хашиж эхэлжээ. Энэ хугацаанд  багш нарын заах арга барил, ур чадварыг дээшлүүлэх, тэргүүний арга туршлагыг алдаршуулах, түгээн дэлгэрүүлэх, сургуулийн дотно болон гадна тохижилтыг сайжруулах зэрэг бүтээлч ажлыг санаачлан хамтаараа нэгдэж ажилласан.

Удирдан чиглүүлэх авьяастай гэдгээ ажил, амжилтаараа нотолж, урсан өнгөрөх амьдралынхаа цаг мөч бүрийг үр бүтээлтэй өнгөрүүлсэн энэ эрхэм бүсгүй 2006 онд дараагийн удирдах ажилд томилогдсон нь Улаангом сумын сургуулиуд цогцолбор сургуулийн бүтцэд шилжин 10 жилийн 2, 4-р сургуулиудыг нэгтгэсэн “Эрдэм-Оргил” цогцолбор сургууль байгуулахад Ерөнхий захирлын хариуцлагатай албанд очсон юм. Тухайн үед тэрбээр 250 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн комплекс, 1, 2-р бага сургууль, дотуур байр, сүүлд олимдиадад бэлтгэх байр, ахлах сургуулийн хичээлийн байр зэргийг нэгтгэсэн томоохон цогцолбор сургуулийг удирдах, үйл ажиллагааг нь жигдрүүлэх ажилд түүний удирдах арга барил чиглүүлэг болж байлаа. Эргээд дурсахад боловсролын салбарт шинэчлэл болсон анхны физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг удирдах, сургууль доторх сургууль байгуулах, цогцолбор сургуулийн эх суурийг тавилцах гэх мэт олон бүтээлч ажлын анхдагч болсон тодотгол түүнд бий.

Ажилласан сургууль бүрдээ эмх цэгц, нарийн дэг журам тогтоож, он цагийн түүх, бүтээмж үлдээсээр ирсэн Д.Туяа 2011 онд Ахлах 3-р сургуульдаа Сургалтын менежерээр эргэн ажиллажээ. Энэ хугацаанд тус сургууль “Хүүхдэд ээлтэй байгууллага”, ажлын амжилтаараа аймагтаа 1-р байр, олимпиадын дүнгээр 3-р байр, анги нийтийн олимпиадын дүнгээр 2 жил нэгдүгээр байр, ЭЕШ-ын дүнгээр 1-р байр, “Стандарт хангагч сургууль”-иар тус тус шалгарч байсан нь сайн удирдлага, чадварлаг хамт олон нэгдэж, нэг зорилгын төлөө тууштай ажилласныг илтгэнэ.

Харин тэр өөрөө ажил, амжилтаа үнэлүүлэн БСГ-ын Хүндэт тэмдэг, 2005 онд Боловсролын тэргүүний ажилтан, МЗХ-ны Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч, Улаангом сумын “Аварга багш”, Хөдөөгийн сургуулийн захирлуудын холбооны “Шилдэг менежер”, БСШУЯ-ны “Аргазүйч багш”, “Хүндэт жуух бичиг” Монголын ХЗЭ-ийн баярын бичиг, тэргүүний залуу алтан медаль, “Багшийн алдар” тэмдэг гэх мэт салбарынхаа олон шагналын эзэн болжээ.

Д.Туяа зөвхөн сайн багш, сайн удирдагч бус нийгмийн тал бүрийн оролцоотой сайн улс төрч, бас шилдэг тамирчин юм. Багшаар ажиллаж эхлэх үе буюу 1986-1988 онд 1-р сургуулийн багш нарын Эвлэлийн үүрийн даргаар ажилласан бол “Багш нарын 6-р их хурал”-д төлөөлөгчөөр оролцож явжээ. Мөн МАХН-ын 23, 24, 25-р их хуралд төлөөлөгчөөр оролцож тэр үеийн олон сайчуул, чадварлаг улс төрчидтэй мөр зэрэгцэж явсандаа бахархдаг. Тэрчлэн аймгийнхаа МАХН-ын хорооны дэргэдэх АСЭХ-ны тэргүүлэгчээр ажиллаж байлаа.

2003-2006 онд Улаангом сумын 6-р багийн ИНХ-ын даргаар ажиллахдаа шинэ санаачилгаар ажиллаж, багийн онцлох 6 амжилтуудыг алдаршуулдаг жишиг тогтоосон зэрэг сурган хүмүүжүүлэх ажлын хажуугаар нийгэм, улс төрийн ажилд идэвхийлэн оролцохдоо хариуцсан ажилдаа алдаа дутагдал гаргалгүй хийж ирсэн шалмаг, няхуур бүсгүй билээ.

Нийгмийн идэвх зүтгэлээрээ 2000-2004 онд Улаангом сумын ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр, 2004-2008 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллаж, иргэдийн итгэл хүлээж явсан удаатай. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллах үедээ хөдөө аж ахуйн болон боловсрол, эрүүл мэнд, бусад салбарт үр өгөөжөө өгсөн томоохон төсөл хөтөлбөрүүд, бодлогын баримт бичгүүдийг батлалцаж, хөрсөн дээрээ хэрэгжихэд гар бие оролцож явсан билээ. Иймдээ ч тэрбээр МАН-ын дээд шагнал “Тусгаар тогтнол одон”, МАХН-ын Ахмад зүтгэлтэн, МАН-ын 90 жилийн ойн медаль, МЭХ-ны Хүндэт тэмдэг, МУЗН-ийн Хүндэт тэмдгээр тус тус шагнуулснаас гадна “Увсын өнгө” сонины нэрэмжит аймгийн “Шилдэг улс төрч”-өөр тус тус шалгарч явжээ.

Тэрбээр боловсролын салбартаа сайн удирдагчаас гадна сайн тамирчин. Улаангом сумын Ахлах 3-р сургуулийн гар бөмбөгийн шигшээ багт тоглож, аймгийн хэмжээний тэмцээнүүдэд амжилттай оролцож явсан спортлог бүсгүй. Үеийн найз Т.Янжмаа, Р.Эрдэнэцэцэг нартайгаа тоолбол нас чацуу, төөлбөл бие чацуу хэмээн алтан хамтрагч, физикийн гурвал гэсэн нэрийг хүртэж явсаар гурвуулаа волейболын спортын дэд мастер болж байв. Хожмоо залуу багш нартаа үлгэрлэж нэрэмжит волейболын тэмцээнийг зохион байгуулж хэвшсэн нь хүрээгээ тэлсээр байна. Мөн түүний хань Ж.Буянтогтох теннисийн спортын дэд мастер, өөрөө волейболын спортын дэд мастер гээд нэг гэрийн хоёр боловсрол, спортын амжилтаараа хоршиж яваа бахархам түүхтэй гэр бүл билээ.

Эрдмийн их далайд хүүхэд багачууд, сурган хүмүүжүүлэгч нарыг залуурдан, халамжлан хүмүүжүүлэн, үнэтэй сургаалаа хайрласаар ирсэн Д.Туяаг хамт олныхоо дунд сайн удирдагч төдийгүй сайн ээж, эгч шиг нь ойр дотно, нөмөр нөөлөгтэй эмэгтэй гэдгийг хэлэх хүн олон аж. Тэрбээр хөдөлмөр зүтгэлээ төр засагтаа үнэлүүлэн 2013 онд “Алтан гадас” одон, 2018 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор энгэрээ мялааж хөдөлмөрийн алдраа тэмдэглэж байлаа.  

2020 оны 1-р сард гавьяаныхаа амралтад суусан ба Ахлах 3-р сургуулийнхаа 50 жилийн ойн түүхийн номыг бүтээх ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, амжилтаар өртөөлсөн төрөлх сургуулийнхаа зузаан түүхийг номын хуудсанд мөнхлөн үлдээжээ. Өдгөө өрх гэрийн сайн эзэгтэй, үр хүүхдүүдийнхээ ачлалт ээжийн үүргээ биелүүлэн аз жаргалтай, сайн сайхан амьдарч байна.

Ийм л нэгэн эгэлхэн, боловсролын салбарт элэгтэй, гавьяатай, хийсэн ажил, хэлэх үгтэй бүсгүйн ажил, амьдралын түүх номын хуудас мэт эргэсээр байна.     

Холбоотой мэдээ