Коронавирусний халдварын улмаас нас барсан тохиолдол нэгээр нэмэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-07-06 16:38:36

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт тус аймгийн хэмжээнд 511 шинжилгээ хийснээс коронавирусний халдварын  батлагдсан тохиолдол 62-оор нэмэгдэж, нийтдээ 2173 боллоо.

Бүртгэгдсэн 62 тохиолдлын 41 нь аймгийн төв Есөнбулаг суманд бүртгэгдсэн бол Хөхморьтод 2, Алтайд 2, Дарвид 1, Цээлд 15, Халиунд 1 халдвар тус тус батлагдсан байна. Долоодугаар сарын 6-ны байдлаар коронавирусний халдварын улмаас 679 хүн эмнэлгийн тусламж авч байгаагаас 87,3 хувь буюу 593 хүний биеийн байдал хөнгөн, 8,1 хувь буюу 55 нь хүндэвтэр, 3,6 хувь буюу 25 нь хүнд, 0,6 хувь буюу 6 нь нэн хүнд оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Харин халдвараар өвчилсөн нийт 2173 тохиолдлын 68,6 хувь буюу 1491 хүн бүрэн эдгэрсэн тухай ЭМГ-аас мэдээллээ. Түүнчлэн сүүлийн 24 цагт коронавирусний халдварын хүндрэлийн улмаас нэг хүн нас баржээ. Тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй, коронавирусний эсрэг дархлаажуулалтад хамрагдаж амжаагүй иргэн байсан бөгөөд аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ. Ингэснээр тус аймагт коронавирусний халдварын улмаас нас барсан тохиолдол гурав боллоо.

Өнөөдрийн байдлаар коронавирусний эсрэг дархлаажуулалтад хамрагдвал зохих нийт 39345 иргэний 88,8 хувь нь эхний тунд, 77,9 хувь хоёр дахь тунд хамрагдаад байна. 


Холбоотой мэдээ