Х.Жаргалсайхан: Миний цуглуулга бол соёлын маш том өв, үнэт зүйлс

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-07-08 20:18:33

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музей Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд иргэдийн гар дээр хадгалагдаж буй биет өвүүдээр цахим үзэсгэлэнг гаргаж байгаа. Тус аймагт энэ төрлийн биет өвийг цуглуулж, хадгалдаг цөөхөн хүн бий. Тэдний нэг болох Х.Жаргалсайхантай ярилцлаа. Тэрээр Дарьгангын мөнгөн эдлэлийг цуглуулдаг бөгөөд залуу цуглуулагч гэхэд харьцангуй ховор, нандин цуглуулгатай болжээ.


-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Яг хэзээнээс ингэж эртний эдлэл цуглуулахаар болсон бэ, цуглуулгаа танилцуулбал?

-Уншигчдадаа мөн энэ өдрийн мэндийг хүргэе. Би 2008 оноос хойш өнөөг хүртэл цуглуулж байна. Мөнгөн аяга, мөнгөн эмээл, эмээлийн тоноглол, ахуйн хэрэгсэл, эмэгтэй хүний үсний дарлага бугуйвч, гоёл чимэглэл зэрэг ихэвчлэн Дарьганга хийцийн мөнгөн урлал, эртний эдлэлүүд миний цуглуулгад байдаг. Өөрөөр хэлбэл соёлын үнэт биет өвүүд миний гар дээр хадгалагдаж байдаг гэсэн үг л дээ.

-Анх яагаад эдгээрийг цуглуулах болов?

-Манай аймагт зоосон мөнгө болон мөнгөн эдлэл, эртний эдлэл цуглуулдаг хэдэн хүн байдаг. Тэд нар хамтраад анх 2008 онд нэг үзэсгэлэн гаргасан юм. Манай аав ч гэсэн зоос цуглуулдаг хүн байсан. Тэр үзэсгэлэнг очиж үзээд, мөн аавынхаа хэдэн цуглуулгыг хараад анх урам авч, цуглуулахаар шийдсэн гэж хэлж болно. Тэгээд л ах нараасаа асууж судалж, цуглуулж эхэлсэн дээ.

-Хамгийн эртний цуглуулга гэвэл юу байна. Ер нь та цуглуулгаа яаж баяжуулдаг вэ?

-Миний цуглуулгын ихэнх хэсгийг мөнгөн аяга эзэлдэг. Одоогоор хамгийн эртнийх гэвэл 1921 оны мөнгөн аяга байна. Хүмүүс ийм зүйл цуглуулдаг гээд мэддэг болчихдог юм билээ. Аав, ээжээсээ өвлөж ирсэн зүйлээ надад өгч хадгалуулъя гээд зориод ирэх нэгэн цөөнгүй байдаг. Би өөрөө ч давхар бас судална л даа. Хаана, хэний гар дээр юу хадгалагдаж байна гээд. Үнэхээр ганц нэг үнэт зүйл айлын авдранд дараад, хадгалаатай байдаг бол түүнийг нь тохиролцоод худалдан авах ч тохиолдол бий. Ер нь манай аймгийн иргэдэд ийм төрлийн үнэт зүйлүүд ганц нэгээр их байдаг. Ялангуяа Дарьганга, Баяндэлгэр сумын иргэдэд их сонин ховор эдлэлүүд байдаг.


-Тань шиг ийм цуглуулгатай хүн хэр олон байдаг вэ?

-Манай аймагт миний мэдэхийн хоёр, гурван хүн л бий. Бид хоорондоо өрсөлдөж, нэг нэгээсээ илүү гарна гэхээсээ илүүтэйгээр бие биедээ зөвлөгөө өгч, харилцан суралцдаг. Өөр гадны цуглуулагчаас ч туршлага судална. Сүүлийн үед залуучууд үүний үнэ цэнийг мэдэрдэг болсон. Гэхдээ энэ үнэ ханшийн үнэ биш шүү. Ирээдүйд ямар үнэ цэнтэй юм, бидний соёлын ямар том өв соёл вэ гэдгийг ойлгодог болсонд баярладаг. Зорьж ирэн асууж сураглах, судлах туршлага бага гэхгүй надаас зөвлөгөө авах хүн ч бий.

-Бие даан үзэсгэлэн гаргаж байв уу?

-Үгүй ээ. Аймгийн Угсаатны зүйн музейтэйгээ их ойр ажилладаг. Бусад цуглуулагч нар болон музейтэй хамтарсан үзэсгэлэнг хэд хэд гаргаж байсан. Энэ ажлыг нь ч би их дэмжиж, аль болох бүгдэд нь хамрагдахыг зорьдог. Музейтэйгээ хамтарч ажилласнаар миний цуглуулгууд албан ёсоор бүртгэлжиж, цахим санд мэдээлэл нь хадгалагддаг болсон. Ингэснээр би цуглуулгынхаа аюулгүй байдлыг хангаж байгаа гэсэн үг юм. Хамгийн сүүлд аймгийн музейгээс санаачлан ард иргэдийн гар дээр хадгалагдаж байгаа мөнгөн эдлэлүүдээр Дарьганга өв цахим үзэсгэлэнг дэглэсэн. Үүнд мөнгөн аяга, эмээлийн тоноглолуудаараа оролцсон.

-Ямартай ч музейн үйл ажиллагаанд их л сэтгэл хангалуун байдаг бололтой?

-Тэгэлгүй яахав. Дээхэн үед ингэж үзэсгэлэн гаргах нь бүү хэл, хэнд юу хадгалагдаж байгааг мэддэггүй байсан гэдэг. Харин одоо бол эсрэгээрээ. Хаана, хэнд юу хадгалагдаж байна, тэр нь ямар үүх түүхтэй гээд бүгдийг маш сайн судалж, баримтжуулдаг болсон юм билээ. Үүний ачаар соёлын олон өв устаж үгүй болох эрсдэлээс хамгаалагдаж байгаа шүү дээ.


-Арав гаруй жилийн хугацаанд хэдий хэр хэмжээний цуглуулгатай болсон бэ, тооцоолж байсан уу?

-Үгүй ээ, ёстой тооцож байаагүй юм байна. Гэхдээ өөрийнхөө хэмжээнд чамгүй цуглуулгатай болсон шүү. Цаашид ч цуглуулсаар л байх болно гэж боддог. Учир нь энэ бол зүгээр нэг би хоббигоороо цуглуулаад, хадгалаад байгаа зүйл биш. Монгол ахуй соёл, тэр дундаа Дарьгангын соёлыг харуулсан асар том өв юм шүү дээ. Үүгээр дамжуулж хүүхэд багачуудад бидний өвөг дээдэс ямар уран гартай, чадвартай хүмүүс байв, юу эдэлж хэрэглэдэг байсныг харуулах учиртай. Тийм ч учраас сүүлийн үед цуглуулгаа олонд танилцуулдаг болсон.

-Таны цуглуулга бол түүх соёлын болоод ханшийн хувьд ч үнэлж баршгүй. Тэгэхээр энгийн үед эдгээрийгээ хаана, яаж хадгалдаг вэ?

-Цуглуулга маань ихэвчлэн хатуу биет учир муухай болох, элэгдэлд орно гэж байхгүй. Одоогоор хадгалалтын нэг их нарийн арга туршлага байхгүй л байна. Нар салхинаас хол, гэртээ тусдаа нэр өрөөнд хадгалдаг. Миний цуглуулгынн өрөө гэж хэлж болно. Цаашид галын дохиолол, камер суурилуулахаар төлөвлөж байгаа.

-Ирээдүйд цуглуулгаа хэрхэх вэ?

-Хэлсэнчлэн энэ бол соёлын маш том өв, үнэт зүйлс. Тиймээс хүүхдүүддээ өвлүүлж өгнө гэж боддог.

-Ярилцсанд баярлалаа. 

Холбоотой мэдээ