Өвөрмонгол хүү Монголд номын дэлгүүр нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-07-09 12:42:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Хаан бичиг” анхны Монгол бичгийн төрөлжсөн номын дэлгүүр Улаанбаатарт үүдээ нээлээ.


Номын дэлгүүрийн нээлтэд СГЗ, зохиолч, сэтгүүлч Л.Мөнхтөр, СГЗ, зохиолч, яруу найрагч Л.Нямаа, СГЗ, “Хүмүүн бичиг” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга, хэл бичгийн ухааны магистр Б.Элбэгзаяа нар хүрэлцэн ирж үг хэлсэн юм.


“Хаан бичиг” дэлгүүрт зөвхөн монгол бичгээр хэвлэсэн ном худалдаж буйгаараа онцлогтой. Тус номын дэлгүүр Бямбын Ринчений номуудаас эхлээд Чингис хаан хүүхдийн комик, Л.Түдэвийн “Хорвоотой танилцсан түүх” зэрэг 500 гаруй төрлийн номын фондтой юм. Удахгүй дахин олон шинэ номоор баяжуулна гэдгийг номын дэлгүүрийн санаачлагч Өвөрмонгол хүү тодотгов.




Тэрбээр, “Хаан бичгээ бид мартаж болохгүй. Бид эртнээс улбаат  энэ сайхан эх хэл бичгээ дээдлэн, хүн бүхэн сурахад нь жоохон ч гэсэн тус болох болов уу гэсэндээ би энэ дэлгүүрийг нээж байна” гэв.


Дэлхийн 30 гаруй улсаар аялсан тэрбээр Монгол Улсын 21 аймгаар тойрон, аймаг сумдын монгол хэл, бичгийн багш нартай уулзаж ярилцаад монгол бичгийн эрэлт сонирхлыг олж харжээ. Тэгээд энэхүү хүслээ  биелүүлэхээр монгол бичгээр хэвлэсэн номын дэлгүүр нээхээр зориг шулуудсан байна.





Холбоотой мэдээ